Крануудын ажиллах чадвар сайжирч байна
Уул уурхай 9 сарын өмнө     221    0

 Эрдэнэт үйлдвэрийн өргөх байгууламжууд буюу бидний нэрлэж заншсанаар гүүрэн крануудын ажиллах чадвар сайжирч байна. Үйлдвэрийн хэмжээнд 400-аад кран байгаагаас 70 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан өргөх байгууламжууд юм. Механикийн хэлтсээс өргөх байгууламжийн шинэчлэлд сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан, тодорхой ажлууд хэрэгжүүлснээр ажиллах чадвар эрс сайжирчээ. Он гарсаар, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 35 тонны 189-р гүүрэн кранд их засвар хийж ашиглалтад оруулсан байна. Мөн Тээвэр ложистикийн төвийн 20 тонны кранд их засвар хийж, ажиллах чадварыг сэргээсэн бол сүүлийн сард мөн цехийн 1029 дүгээр гүүрэн краны их засварыг гаднын байгууллага хийж гүйцэтгэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн томилсон ажлын хэсэг хүлээн авахаар ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтийн дагуу ажлыг гүйцээлгэж, ирэх долоо хоногт ашиглалтад хүлээн авна. Түүнээс гадна, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн ажилд оролцох гурван үйлдэлт гүүрэн краныг шинээр угсарч байна. ОХУ-д үйлдвэрлэсэн уг кран нь 20, найман тонны хосолмол механизмтай, соронзон шайбаар ажиллах боломжтой, сүүлийн үеийн өргөх байгууламж юм. Шинээр ирсэн энэхүү краныг Засвар, угсралтын цехийн ажилчид угсарч, техникийн туршилт, тохируулга хийж байна.

Эх сурвалж:erdenettoday.mn