Х.Мөнхтуул: Хүүхдүүд гэр бүлийнхээ харилцаанд санаа зовдог нь судалгаагаар тодорхой болсон
Хотын амьдрал 22 өдрийн өмнө     43    0

Орхон аймагт “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Уг төслийн талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхтуулаас дараахь тодруулгыг авлаа.  

-“Сэтгэлийн анир” төсөл зөвхөн хүүхдэд чиглэсэн гэхээсээ гэр бүлд хандсан хандлага байх шиг харагдсан. Төслийн үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар “Сэтгэлийн Анир” зорилтот төслийг 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад чиглүүлэн гэр бүл судлаач, сэтгэл зүйч нартай хамтран ажилласан. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 6113 сурагчдын тоон мэдээллийг гаргаж,  бүх сургуулиар явж ажилласан. Сургууль бүр дээр сургууль нөлөөллийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн анхан шатны мэдлэг мэдээлэл олгох, хүүхдүүд болон багш, ажилчид, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх, судалгаа авах ажлуудыг хичээлийн жилийн туршид явуулсан. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүдээс тулгамдаж байгаа асуудал, орчин үеийн хүүхэд залуучуудын сэтгэл зүй, сэтгэл гутрал, стрессд оруулдаг хүчин зүйлс юу байна вэ гэж мэдээлэл авах зорилготой ажилласан. Харамсалтай нь бидний хүлээж байсан зорилтоос илүү хүүхдүүд хичээл сургуульдаа биш, үе тэнгийнхэнтэйгээ харилцах хандлагад биш гэр бүл, аав ээжийнхээ харилцаанд санаа зовж явдаг нь судалгааны дүнгээр тодорхой болсон.

-Эцэг эх, гэр бүлд хандсан сэтгэл зүйн ямар ажлуудыг төслийн хугацаанд хийсэн бэ?

-Хүүхдүүдээс авсан судалгааны дүнд тулгуурлаж төслийн хоёрдугаар шатанд 2018-2019 онд төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаар эцэг эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажил хийе гэсэн зорилт тавиад, найман гэр бүл судлаач, сэтгэл зүйч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Өнөөдрийн байдлаар төслийн баг 16 төрийн үйлчилгээний байгууллагуудаар явж, тэнд ажиллаж байгаа албан хаагчдад гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн боловсрол олгох сэтгэл зүйн нөлөөллийн ажлуудыг хийсэн. Мөн байгууллага хамт олны дунд сэтгэл зүйч ажиллуулах эрэлт хэрэгцээ байна уу гэдэг  судалгаа авсан. Одоогийн байдлаар төслийн үйл ажиллагааны 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Удахгүй энэ байгууллагуудаас авсан судалгааны дүнгээ нэгтгээд орон нутгийнхаа удирдлагуудад болон иргэдэд тайлагнах ажлын бэлтгэлийг хийж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)