Эрдэнэт үйлдвэр волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн ивээн тэтгэнэ
Мэдээ мэдээлэл 24 өдрийн өмнө     47    1

 “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болов. 2012 оноос хойш завсарлаад байсан дээд лигийн тэмцээн энэ сарын 25-наас 11-р сарын зургааны өдрүүдэд  явагдана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд одоо ч тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Иймээс энэхүү тэмцээнийг сонирхолтой хэлбэрээр Зохион байгуулах хороог тэрээр ахалж байна. 

Тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлэг ирүүлсэн. Эхний тойргийн болон шувтаргын тоглолт Улаанбаатар хотын Спортын төв ордонд явагдах юм. Харин тэмцээний нээлтийн ёслол 11-р сарын есөнд, хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд 11-р сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотод явагдана. Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн ёслол орон нутагт анх удаа болж байгаагаараа онцлог гэж Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан ярьсан юм. Удирдамж ёсоор баг бүр легионер хоёр тамирчинтай тэмцээнд оролцох ажээ.  

   Монголын волейболын Үндэсний дээд лигийн таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа дараалан түрүүлж дээд амжилт тогтоосон Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцав.      

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)