Амарын талбай ард түмний хөлд дарагдлаа
Мэдээ мэдээлэл 28 өдрийн өмнө     94    0

 Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ ажлын  хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний өдөрлөг” Амарын талбайд болов. Аймгийн хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн 48 байгууллага  Амарын талбайд үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн юм.  Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос авах, хүртэх боломжийг ийнхүү нэг өдөр олгож байгаа тул Амарын талбай ард түмний хөлд дарагдлаа.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний өдөрлөг” нь иргэдэд өгч байгаа мэдээллийнхээ хувьд ганцхан 2019 оноор хязгаарлагдсангүй. Төрийн үйлчилгээний байгууллагууд  аймаг, орон нутгийн хэмжээнд 2016 оноос хойш хийж, хэрэгжүүлж байгаа ажлын  үр дүн тайлангаа тавихын зэрэгцээ мэдээлэл түгээж байгаа нь онцлогтой байлаа. Уг ажлын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Жаргалант, Баян-Өндөр сумын удирдлага, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр зэрэг албаны хүмүүс оролцсон.

Энэ үеэр аймаг, орон нутгийн зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг зарим төрийн байгууллагад техник, автомашин гардууллаа. Аймгийн Статистикийн хэлтэст Япон улсад үйлдвэрлэсэн дунд оврын жийп автомашин гардуулсан бол аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой дөрвөн дугуйтай мотоциклийг чиргүүлийн хамт хоёр ширхэгийг өглөө. Статистикийн хэлтсийн дарга Б.Туул “Аймаг орон нутгийн зүгээс бидний ажлыг дэмжиж анх удаа ийм том хөрөнгө оруулалт хийж байгаад үнэхээр их баярлалаа. Би гэлтгүй манайхан ч бараг итгэхгүй шахам байсан шүү. Ажлыг минь дэмжиж тусалсан аймгийн удирдлагууддаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай  өгүүлж байлаа.

Амарын талбайд ирсэн иргэд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын асарт зочилж тогны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар тодруулж, мэдээлэл авч байлаа. Тэдний зүгээс ч иргэдэд зориулсан сонирхолтой, хамгийн хэрэгцээтэй мэдээллийг өгч байсан. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаныхан энэ үеэр иргэдийн хөлд дарагдаж, Шилэн дансны талаарх мэдээллийг илүүтэй сонирхлоо. Иргэд татварт төлсөн мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавьж байгаа нь тэдний санхүүгийн мэдлэг дээшилсэн төдийгүй идэвх, оролцоо нэмэгдсэнийг харуулж байна.

Улсын хэмжээнд Швейцарийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарсан “Тогтвортой амьжиргаа” төслийг хэрэгжүүлдэг. Тэгвэл өдөрлөгийн үеэр “Тогтвортой амьжиргаа 3” төслийнхөн аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа төслийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг түгээж  иргэд ч сонирхсон мэдээллээ авч байсан. Уг төсөл орон нутагт нэн шаардлагатай хөрнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах  зорилготой 2020 он хүртэл хэрэгжих юм. Манай аймгийн хувьд энэ төслөөс 2017 онд 1.9 тэрбум төгрөг, 2018 онд 3.5 тэрбум, 2019 онд 4.98 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа аж. Харин улсын  хэмжээнд 2019 онд 10.6 тэрбум төгрөгийн санхүүгийн ерөнхий дэмжлэгийг 330 суманд уг төслөөс олгожээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)