Б.Бат-Эрдэнэ: Бүрэнбүстийн овоонд 30 мянган мод тарьж, нуур үүсгэх бүтээн байгуулалт хийнэ
Хотын амьдрал 29 өдрийн өмнө     75    0

Үндэсний мод тарих өдрөөр Орхон аймагт томоохон компанnт ажил өрнөсөн. Уг ажлын голыг нугалж, нийгмийн олон талын төлөөллийг энэхүү буянтай, нийгэмд тустай үйлсэд татаж оролцуулсан “Эрдэнэт  хотын бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таны удирддаг ТББ-аас Бүрэнбүстийн овоог бүрэн моджуулах, улмаар ойжуулах буянлаг ажлыг дэмжиж, олон нийтийг уриалан оролцож байна. Энэ санаачлагын зорилгыг тодорхойлохгүй юу?

-Энд ирсэн хүн болгон нэг мод тариасай гэж бид хүссэн. Ахмад, залуучууд, тамирчид зэрэг нийгмийн талын олон төлөөллийг хамруулахыг зорьж байна. Өглөө 10 цагаас ахмадууд маань 400 орчим мод тарьлаа. Үдээс хойш “Эрдэнэтийн сайхан бүсгүй” Фэйсбүүкийн групп, Орхон аймгийн хоккейн холбоо, Автоспорт сонирхогчдын холбооны залуучууд ирж үргэлжлүүлэн мод тарьлаа. Бүрэнбүстийн овооны орчим энэ жил 30 мянган мод тарих зорилттой, зөвхөн өнөөдөр гэхэд 1000 ширхэг мод тариад зогсохгүй үргэлжлүүлэн арчилгааг нь хийнэ.

 Жишээ нь, Монгол улсын төр засгийн бодлогоор нэг сая төгрөгийн цалинтай  хүн тэтгэвэрт гараад 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь амьжиргааны доод түвшинд автоматаар оруулчихдаг системээр явж байгаа. Бид үүнийг өөрчлөхөөр тарьсан модоо ургуулахад ахмадуудаа, тэтгэвэрт гарсан настнуудаа уриалж ажиллуулаад цалинжуулах ажлыг хийе гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр энэ бодлоо ахмадуудтайгаа хуваалцахад, тэд маань сайхан дэмжсэн. Бүрэнбүстийн овоо ямар ч модгүй байсан, одоо 30 мянган мод тариад, үргэлжлүүлээд нуур үүсгэхээр том бүтээн байгуулалт хийх гэж байна. Энэ томоохон ажилд Эрдэнэтийн залуучууд гар бие оролцохыг  хүсч байна. Тиймээс Фэйсбүүкийн ганц пост тавихад л хэдэн арван, зуун залуучууд “Бид оролцъё, гэр бүлээрээ очъё” гэж байх жишээтэй. Бид “Энэ хэсэг бол танай клубын төгөл шүү Эрдэнэтийн сайхан бүсгүйн төгөл шүү,  тарьж арчилсан модоо сайхан ургуулах нь танай байгууллагын ирээдүйтэй салшгүй холбоотой” гэдгийг хэлж байгаа.  Хэрвээ тарьсан мод чинь ургаагүй бол та нар хариуцлага хүлээлгэнэ шүү” гэдэг асуудлыг ярьсан.

-Хүмүүсийн сэтгэхүйд ганц өдөр мод тариад орхих биш арчилж ургуулахад санаа тавьдаг болж. Танай ТББ нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт хийхэд анхаарч, байгаль экологийн томоохон өөрчлөлт, давалгаа үүсгэхээр зорьж байх шиг санагдлаа. Энэ тал дээр таны бодлыг сонсвол?

- Тийм шүү. Мод тарьж, экологийн өөрчлөлт хийнэ гэдэг хамгийн сайхан буянлаг ажил гэж боддог. Нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хандлагыг хийж, зөв жишиг тогтоохыг бид хүсч байгаа. Тиймээс Баян-Өндөр сум болон мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө авч, тариад дуусангуут модоо тойруулж манах, услахад мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллана. Сая аймгийн Байгал орчны газрын мэргэжилтнүүд ирж үзээд, буруу тарьсан моднуудыг засварлах ажлыг давхар хийж байна.  Хүмүүс хүүхдүүдтэйгээ ирж , “Энэ бол миний хүү, охины мод шүү, чиний мод 20 жилийн дараа чамтай чацуу болоход миний хүү энэ түвшинд ирнэ” гэж хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь сайшаалтай. Цаашид манай Төрийн бус байгууллага дангаараа 30 мянган мод тарих хэмжээнд очих байх гэж найдаж байна.  

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)