Д.Батлут: Иргэдэд учирсан хохирлыг “Сэхүүн чоно”-оор төлүүлнэ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     251    0

Өнгөрөгч амралтын өдрөөр зургаадугаар хорооллын 10-р байрны урд талд “Сэхүүн чоно” ХХК зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байгаад Ф400 голчтой цэвэр усны төв шугамыг гэмтээж иргэдийг багагүй хэмжээнд бухимдуулсан. Тэр бүү хэл дээрх шугамыг  бүрэн засварлатал зургаа, долоодугаар хороолол, Эко хорооллын айл өрхүүд хоолны усгүй, нэг хэсэгтээ л тарвага болох шахсан. Аймаг, орон нутгаас тодорхой арга хэмжээ авч дээрх газруудад ус зөөдөг дөрвөн ч машинаар ус зөөж, хэрэглээний цэвэр усаар хангажээ. 

Бүр цаашлаад орон сууцны байруудад ус түгээх хуваарь гаргаж иргэдэд цэвэр ус түгээж  ажиллажээ. Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Д.Батлут дарга иргэдэд учруулсан хохирлыг “Сэхүүн чоно” компаниар төлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Мөн гэмтлийг арилгахад гарсан шууд болон шууд бус зардлыг буруутай этгээд болох дээрх компаниар төлүүлэх ажлыг зохион байгуулахыг албаныханд үүрэг болгоод байна.  Дээр нь “Ямар ч байсан холбогдох хууль тогтоомжийн дагуу  тэрхүү газрын зөвшөөрлийг цуцлах Захирамж боловсруулах талаар Хууль, эрх зүйн хэлтэс ажиллах хэрэгтэй. Тэд шүүхэд гомдлоо гаргана биз. Газрын зөвшөөрлийг нь цуцла. Харин тэнд хүүхдийн тоглоомын талбай ч юм уу, автомашины зогсоол байгуулна. Эрдэнэт хот чинь эзэнтэй, эзэн нь иргэд юм шүү гэдгийг энэ нөхдүүдэд мэдрүүлнэ. Дураараа газар сэтэлдэг, ухдаг, хууль дүрэмгүй мэт аашилдаг эдгээр нөхдүүдэд арга хэмжээ авна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн.

Аймгийн Засаг даргын мэдээллээс харвал дур зоргоороо хийсэн газар шорооны ажлын улмаас асуудал үүсвэл иргэд хохирдог. Иргэд хохирлоо өөрсдөө үүрээд өнгөрдөг тогтолцоог өөрчилж буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжвэл үнэхээр “Браво” гэж эрдэнэтчүүд хэлэх болно.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)