Хоёр ч эмэгтэй хар тамхины төрлийн гэмт хэрэгт холбогджээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     161    0

Аймгийн Прокурорын газраас иргэдэд төдийгүй залуу үе, өсвөр насныханд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан байна. Манай аймгийн нутаг дэвсгэрт оны эхний 9 сарын байдлаар 572 гэмт хэрэг бүртгэгдсэний 3.6 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг эзэлжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 75 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзвэл 40 хувь нь 18 хүртэлх насны, 46.6 хувь нь 18-25 насныхан эзэлж байна. Мөн 13.3 хувийг  25-аас дээш насныхан эзэлж байгаа гэсэн статистик тоо гарчээ. Эндээс харвал гэмт хэрэгт холбогдогчдын 86.6 хувь нь 25-аас доош  насны залуус, өсвөр насны хүүхдүүд байгаа нь иргэдийн төдийгүй хуулийн байгууллагынханы анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа аж.

Хүйсийн байдлаар нь авч үзвэл 13 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй бол тэдний 46.6 хувь буюу долоо нь бүрэн дунд, мөн тооны этгээд бүрэн бус дунд, нэг нь буюу 6.6 хувь нь тусгай дунд боловсролтой байжээ. Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 60 хувь нь эрхэлсэн тодорхой ажил сургуульгүй, 45 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид  байна. Дээрх хэрэгт холбогдсон таван иргэнд шүүхээс ял оногдуулж, зургаад нь ял оногдуулалгүй тэнсэж, дөрвөн шүүгдэгчид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ есөн шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, нэг хэрэгтэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Дээрх шүүгдэгч нараас хоёр нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шүүхээс хорих ялыг тэнссэн байжээ. Тэд мансууруулах төрлийн ургамлыг дахин бэлтгэж, биедээ авч явсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэлдээ дахин ял авсан байна. Аймгийн Прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхэд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, тодорхой ажил зохиолгохоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)