Авто тээврийн цех болон Ил уурхайн зарим ажилтнууд 12 цагийн ээлжээр ажиллах боллоо
Уул уурхай 11 сарын өмнө     206    0

 Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горимд шилжүүлэх боллоо. Уг шийдвэрийг Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон цехийн ажилтнуудын хүсэлт,  Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн судалгааны дүн зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ сарын 26-ны өдрийн А/837 тоот тушаалаар гаргасан байна. 

Дээрх шийдвэр 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд 12 цагийн ээлжээр ажиллах юм. Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөдөлмөр золхион байгуулалтын үр дүнг нэгтгэн удирдлагуудад танилцуулан, цаашид үргэлжлэхийг эсэхийг ярилцах ажээ. Тус цехийн ажилтнуудын ажиллах ээлжийн горимд  өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилтнуудыг тээвэрлэх автобус болон халуун хоол зөөвөрлөх хуваарийг шинэчлэн гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  

М.Балжинням