Сансрын хөлгийн бүхээгт...
Уул уурхай 1 сарын өмнө     69    0

Маргааш нь Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Одон орон судлалын төвдөө биднийг хүлээн авч, музейгээ үзүүллээ. Сансарт ниссэн хүн бүр өөрийн улсдаа Сансарын ордон барьж, үзсэн туулснаа, энэ чиглэлийн сонин содон мэдээллийг олон түмэнд хүргэх хүсэлд автдаг. Сансар, од, эрхэсийн ордон 2014 онд ашиглалтад орсон бөгөөд энд задгай сансрын дуран, нарны аймгаар аялсан аппарат, одон орон судлалын шинжлэх ухаан үндэслэгчдийн танилцуулга, хөрөг, Интеркосмос хөтөлбөрт оролцсон орнуудын бэлгэ тэмдэг, дурсгалын зүйлс, сансрын хоол хүнс, Ж.Гүррагчаа баатар оддын хотхонд бэлтгэл хийж байхдаа болон сансарт нисэхдээ өмссөн хувцас, монголд унасан сансрын хөлөг гэх мэт сонирхолтой олон үзмэр байна. Хамгийн чухал нь “Союз-39” хөлгийн буугч хэсэг. Бүтэн байх үеийн жин нь найман тонн гэнэ. Хүн багтсан гэхэд итгэмгүй давчуу зайд хоёр суудал байна. Мэдээж, нэг нь Ж.Гүррагчаагийнх, нөгөө нь В.А Жанибековынх. Эрүү, өвдөг их ойрхон нугаларч суун, зайгүй байрлах самбарууд дээр тэд ажиллаж явжээ. Одоогийн “Далай ээж” захын буйран дээр хуучин Тээврийн музей байхад сансрын хөлгийн буугч хэсэг тэнд залаастай байж. 10 гаруй жилийн өмнө музей зах болоход Ж.Гүррагчааг “Энийгээ авч, зай гаргаж өг” гэж тэвдүүлжээ. Баатар зуслангийн байрандаа олон жил хадгалсны эцэст Одон орны музей барихдаа ханаар нь оруулж, мөнхийн зогсоолд нь байрлуулсан. Тухайн үед Орос, Монгол улс жинхэнэ “ах, дүү”-гийн найрсаг харилцаатай байсан учир технологийн үсрэнгүй дэвшил, өндөр нууцлал бүхий сансрын хөлгийн нэгэн хэсгийг манайд бэлэглэсэн нь өнөөдөр нүд хужирлах гол үзмэр болжээ. 

Эх сурвалж:www.erdenettoday.mn

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)