Т.Цолмон: Ажлаа дурлаж хийвэл амжилт ойрхон санагддаг Онцлох
Уул уурхай 2 сарын өмнө     85    0

Соёл урлагийн цогцолборын дууны инженер Түмэнжаргалын Цолмонтой уулзаж ярилцахаар утас цохиход, ажил тараад гэж тохирсон ч удалгүй: Уучлаарай 18 цагаас хандивын тоглолт дээр ажиллах боллоо гэв. Цаг наргүй ажиллах түүнтэй  маргааш нь үдийн цайны завcарлагаар хөөрөлдөв. 

- Хоёулаа ярилцлагаа таны бага насны амьдралаас эхлэх үү? Ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв?
  - Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж минь Эрдэнэт үйлдвэрийн дугуйн замыг тавилцахаар томилолт өвөрлөн 1994 онд ирж, энэ үйлдвэрийн ажилтан болсон. Тэр намар би 5-р сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 4-р ангид орсон. Техникт сонирхолтой, тоглоомоо задалж, цаана нь байгаа зүйлийн учрыг олох гэж оролддог, хичээлээ байнга  давтдаг хичээнгүй хүү байсан гэж ээж минь хэлдэг юм. Ахлах ангид ороход компьютер миний сонирхлыг ихэд татсан. Ер нь л инженер болох мөрөөдөлтэй л явлаа.

  - Инженер сэтгэлгээтэй хүү ямар мэргэжил эзэмшив?
  
- Би Технологийн сургуулийг цахилгаан системийн автоматжуулалтын инженер, Маргад дээд сургуулийг компьютерийн инженерээр төгссөн юм. Оюутан байхдаа цэнгээнт бүжгээр хичээллэдэг, Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр бүжиглэдэг байлаа. Мөн зуны амралтаараа зусланд, өвөл нь бааранд дижи хийдэг байв. Дууны техник миний жинхэнэ хобби болсон байсан. Их сургуулиа төгсөөд мэргэжлийн дагуу Хивсний үйлдвэрт цахилгаанчнаар орлоо. Сар ажиллаад л  миний хийх ажил биш гэдгийг ойлгосон.

   - За, тэгээд яасан?
  
- Ажлаасаа гарсан. Удаа ч үгүй Соёлын ордонд бүжигчин шалгаруулж авах тухай сонсогдлоо. Ордонд очтол дууны техникч Баярсайхан ах: “Манайх дууны инженер авах гэж байгаа, чи даргатай уулз” гэлээ. Бүжгийн хамтлагийн Д.Ганчулуун багш намайг дагуулаад орж, танилцуулахад Д.Дашдондов дарга сонсож байснаа үдээс хойш бичиг баримтаа аваад Хүний нөөцийн менежертэй уулзаарай гэлээ. Ингээд л  маргааш нь ажилдаа орж, Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон доо.

   - Дууны инженерээр шууд ажиллаж эхэлсэн үү?
  
- Тиймээ. Ажилд орсныхоо дараа “Дуу, гэрлийн инженер” мэргэжлээр Бээжин хотноо Хятадын Холбоо, хэвлэл мэдээллийн их сургуульд хоёр жил үйлдвэрийн зардлаар суралцсан. Хятад хэл дээр хөгжмийн техникийн нарийн зүйлсийг суралцахын тулд маш их мэрийсэн. Багш нараасаа их  зүйл сурсан. Монгол хүний сэтгэх чадвар бусдаас илүү гэдгийг ч тэнд мэдэрсэн.

  - Таны ажил мэргэжлийн онцлог, бас сайхан нь юунд байдаг вэ?
  
- Манайхан тоглолтын арын албыг хариуцдаг.  Дуучид, хөгжимчид, бүжигчдийг  уран бүтээлээ  бүрэн гаргах хэмжээнд дууны тохиргоо хийнэ. Уран бүтээлчдийн хувцас, хэрэгсэлтэй зохицуулж тайзанд гэрэл өгнө. Ингэснээр уран бүтээлчдэд сэтгэл ханамжтайгаар уран бүтээлээ толилуулах, үзэгчдэд урлагийн гоо сайхныг мэдрүүлэхэд нь хувь нэмрээ оруулдаг юм. Манайх дууны дөрөв,  гэрлийн хоёр техникчтэй. 

  - Өнгөрсөн жил соёлын ордон орчин үеийн техникээр өвч тоноглогдсон. Ажиллахад урамтай биз?
  
- Орчин цагийн техникээс гадна  лед дэлгэцтэй болсон. Манайд тавигдсан дууны пульт л гэхэд  улсын хэмжээний театр, чуулга, соёлын орднуудад байгаа хамгийн том нь. Би техник, дэлгэцээ сонгосон. Энэхүү сонголтын дагуу үйлдвэрээс тендер зарлан, орчин үеийн шилдэг техникээр  хангаж, томоохон хөрөнгө оруулалт хийсэнд бид баяртай байгаа.

  - Танайх ачаалал ихтэй ажилладаг. Танд шантрах үе байдаг уу?
  
- Бидний ажлын ачаалал өндөр. Манай дуу шум, гэрэлтүүлгийн хэсэг  жилд 1050-1060 удаагийн үйл ажиллагаан дээр ажилладаг. Өдөрт багадаа 3-4 ажил орж ирдэг. Би ажилдаа их дуртай. Тийм болохоор шантрах, залхах тухай ойлголт үгүй.  Намайг ажилд орох үед  манай техник их муу, бид 36 цаг зогсолтгүй ажиллах үе ч  байсан.  Тухайн үед манайхан  уянгын драмын жүжиг, хөгжимт драм, фольк дуурь зэргийг тайзнаа тавьж, уран бүтээлээрээ телевизийн бичлэг хийх зэрэг маш их ажилтай байсан.
 
  - Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
  
- Ажилдаа  чин сэтгэлээсээ хандаж, дурлаж хийдэг. Зөвхөн алба ажил ч биш. Гэртээ багахан тавиур хийх байлаа ч, түүнийгээ илүү гоё болгохсон гэж хичээдэг. Зарим хүн хийж буй зүйлээ тээршээж, үзэн ядсан байдалтай байдаг. Ингэх хэрэггүй л дээ. Ажлаа дурлаж  хийвээс амжилт ойрхон санагддаг.

   - Та техниктэй бас уран бүтээлчидтэй харьцдагаараа бусад инженерээс ялгаатай санагдлаа?
  
- Тиймээ. Дууны инженер хүн техникээ сайн мэддэг байх ёстой. Техникийн хөгжил маш хурдсаж байгаа. Тэгэхлээр хоцрогдох эрхгүй. Байнга судалж суралцаж явах ёстой. Гадаадын том том концерт үздэг. Ингэхдээ ямар тоглолт дээр ямар техник ашиглаж байгааг сонирхоно. Техник, тайз, дэлгэц, гаднын ямар эффект явж байна. Утаа, салют зэргийг хэрхэн ашиглаж байна гээд л судалдаг. Ажлын хамтрагч уран бүтээлч болгоноо судалж, ойлгохыг хичээдэг. Уран бүтээлчид сэтгэлийн хөөрөл ихтэй, хурц илэрхийлэлтэй ч хормын төдийд л инээж баясаад л  явчихдаг өвөрмөц зан ааштай, цайлган  улс. Эдэнтэй ажиллах сайхан шүү.  Уран бүтээлчдийнхээ гайхалтай бүтээлээр бахархаж омогших үе зөндөө.

   - Та яриан дундаа ээжийгээ нилээд дурьдлаа. Таны бахархал, үлгэр дуурайлал болсон хүн тань байх гэж таалаа?
   
- Тийм ээ. Ээж шигээ хөдөлмөрч, бас хамт олондоо нэр хүндтэй нэгэн болохсон гэж хичээдэг. Ээж маань АТБ-ийн Авто клон-5-д мастераар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан Г.Пагмажав гэж хүн бий.

   - Өө. Тэгвэл таны ээжийг манай үйлдвэрийн олон хүн таних байх. Ээж тань үйлдвэрийн ажилтнуудын дунд зохиогддог ХАБЭА-н тэмцээний мэдлэг шалгах бүх асуултад торолгүй хариулж, үзэгчдийг гайхшируулдаг байсан. Тиймээс ч “Компьютер толгойт Пагма” гэж тухайн үеийнхэн хошигнон нэрлэх болсон. Та гэр бүлийнхнээ манай уншигчдад танилцуулна уу?
    
- Ээж минь тун их ажилч, хичээнгүй, идэвхтэй бас эртэч хүн. Тэтгэвэртээ 2010 онд гарсныхаа дараа л гэхэд олон зүйлд суралцсан. Хийн дасгалаар хичээллэн, багш болсон,  даралтат хөгжим, морин хуур тоглож сурсан. Бүр Японд болсон  морин хуурын тоглолтод оролцсон. Цехийнхээ Ахмадын хорооны даргаар бараг 8 жил ажилласан. Ээж минь ах нар, эгч бидний хүсэл сонирхлыг хүндэтгэн, дэмждэг. Гурван ах маань  хуур урлаач. Дунд ах Морин хуур урлаачдын тэргүүн. Эгч маань багш хүн байсан. Би эхнэр, хүүтэй. Удахгүй манайх бүл нэмэх гэж байгаа /инээв.сурв/.  Ханийг маань Э.Солонго гэдэг. Манай хүн компьютерийн инженер мэргэжилтэй, надтай хамт техникчээр ажилладаг. Хүү маань таван настай. Ирэх намар сургуулийн сурагч болно. 

  - Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэх үед танд юу бодогдсон бэ?
  
- Намайг үйлдвэрийн аварга болоход хамгийн их нөлөөлсөн хамт олондоо баярласан. Өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ээжээрээ бахархсан. Амьдралын минь түшиг тулгуур болсон ханьдаа баярласан. Ээжийнхээ үнэнч хөдөлмөрөө шингээсэн Эрдэнэт үйлдвэрт үе залгамжлан  хувь заяагаа холбож яваадаа туйлаас их баярладаг. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй ээ.

   Ажлын ачааллаасаа болоод амжихгүй үе гарах ч  “За” гэсэн л бол түүнийгээ биелүүлэхсэн гэж хичээдэг, гээд тэрбээр нүүр дүүрэн мишээх. Зөв энергитэй, зөөлөн сэтгэлтэй, ажлын төлөө төрсөн залуухан аваргадаа амжилтын дээдийг хүсье ээ. 

Я.Энхтуяа

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)