ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЯВЦ 88,7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хотын амьдрал 1 сарын өмнө     120    0

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай Засаг даргын орлогч С.Батжаргал, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд танилцлаа. Өнөөдрийн байдлаар дээрх барилгын ажлын явц 88,7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор дотоод заслын ажил хийгдэж байгаа гэж гүйцэтгэгч “Очир Ундраа” ХХК-ийн инженер Г.Ганбат хэллээ.

Гүйцэтгэгч компанийн зүгээс 8-р сарын 15-нд техникийн комисс ажиллуулж, 9-р сарын эхээр улсын комисс ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Уг бүтээн байгуулалт нь 9 давхар 5 блок барилгатай. Давхар тус бүр 7 айлтай буюу 3 өрөө байр нэг, 2 өрөө байр гурав, 1 өрөө байр 3 байх юм. Эдгээр нь 34-66 м.кв хэмжээтэй. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулжээ.

Анх байгуулсан гэрээгээр “Очир Ундраа” ХХК нь 6-р сарын 30-нд дээрх 315 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Ийнхүү ажил нь удааширсан нь дулаанд холбогдох ажил саатсанаас болсон гэж тус компанийн инженер тайлбарлалаа.

Түүнчлэн, өнөөдрийн байдлаар барилгын гадна тохижилтын ажил огт эхлээгүй байна. Одоогоор гадна тохижилтын зураг төсөв боловсруулах ажил хийгдэж буй. Үүний дараа шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой.

Тэгвэл уг ажилтай танилцсан Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Барилгын ажил 88,7 хувьтай үргэлжилж байгаа боловч гадна тохижилтын ажил эхлээчгүй байна. Улсын комисс иж бүрэн барилга хүлээж авах ёстой. Одоогоор гадна тохижилтын ажлын хөрөнгө шийдэгдээгүй байгаа. Бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэлээ.

Иймд түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа юм.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг