“ЖЕНЕКОН” КОМПАНИЙН ЗАССАН ДЭЭВРЭЭС ДУСААЛ ГООЖСОН ХЭВЭЭР БАЙНА
Хотын амьдрал 2 сарын өмнө     191    0

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал үргэлжилсэн бороо орсон өдрүүдэд дусаал гоожсон дээврүүдтэй танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

2013 онд манай аймагт орон сууцны 21 блок дээврийг засварлах тендерт Улаанбаатар хотод бүртгэлтэй “Женекон” компани шалгарсан. Тус компанитай байгуулсан гэрээний дүн 400 гаруй сая төгрөг. Алжаа чанаргүй гүйцэтгэсэн шалтгаанаар дээрх ажлыг улсын комисс хүлээж аваагүй. Дээрх дээврүүдээс одоог хүртэл бороо, хур цасны ус гоожсоор байгаа юм.

Харамсалтай нь улсын комисс хүлээж аваагүй ажлын үлдэгдэл санхүүжилтийг тухайн үед Баян-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байсан И.Баасанжавын зөвшөөрлөөр шилжүүлсэн байдаг.

 

“Женекон” компани дээрх 21 блок дээврийг засварлахдаа олон улсын стандартад нийцсэн шинэ технологи ашиглаж хийсэн гэж тайлбарладаг. Үүнийг “мембран” дээвэр гэж нэрийддэг гэнэ. Уг технологид мөрдөх стандарт манай улсад бүртгэгдээгүй.

Иргэдийн хувьд 2013 оноос өнөөг хүртэл дээврээс нь ус гоожиж цахилгаан хэрэгслүүд шатах, ханын цаас жилд 2 удаа солих, паркетан шал муудах асуудал байнга гарч байгааг хэлж байлаа.

Орхон аймгийн ЗДТГ-аас “Женекон” компанийг шүүхэд өгсөн боловч компанийн төлөөлөл нь олдохгүй байгаа шалтгаанаар өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)