ДЦС-ын “Их зогсолт” амжилттай боллоо
Онцлох мэдээ 4 сарын өмнө     172    0

 Дулааны цахилгаан станц нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ 24 цаг зогсоож, засварлан энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө залгасан тухай станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Тус хамт олон  төлөвлөсөн 75 ажил, засварын явцад гарсан нэмэлт ажлыг амжилттай гүйцэтгэлээ. 

Худаг доторх байнгын ажиллагаатай задвишкууд солих, уур, усны шугам засварлах, эргэлтийн болон хөргөлтийн усны том бассейнуудыг шавар, хогноос цэвэрлэх гэхчлэн төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийжээ. Бямба гарагийн  23-24 цагийн хооронд Баяжуулах үйлдвэрт технологийн уур өгөх төлөвлөгөөтэй байсныг 22:30 цагт өгсөн ба засварын ажлаа хугацаанаас нь өмнө дуусган станцын үйл ажиллагааг  жигдрүүлжээ. Байнгын өндөр хэм, өндөр даралтад ажилладаг дулааны эрчим хүчний тоноглолын төхөөрөмжүүдийг зогсоож, эргэн залгахад түвэгтэй байдал үүсэж, задвишк жийргүүд хатах, хөрөлт тэлэлтэд орж хагарах  тохиолдол гардаг аж. Энэ жилийн хувьд ганц нэг ийм тохиолдол гарсныг мэргэшсэн хамт олон амжилттай засварлажээ. Их зогсолтоор тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг  хангаснаар  өвөлжилтийн  бэлтгэлийн зарим ажлаа ч базаажээ.  Нүүрсээ нөөцлөх нь Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлийн гол ажил бөгөөд одоогоор  62 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь 50 гаруй хоног хэрэглэх нүүрс аж.

Я.ЭНХТУЯА

Эх сурвалж “Erdenettoday.mn”

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)