Эрдэнэт Улаанбаатарыг холбосон 270 км хурдны авто зам тавигдана
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     219    0

        “Шин Тай” группын төлөөлөл Эрдэнэт хотод ирж ажиллах тухай уншигч танд өмнө мэдээллэж байсан. Тэгвэл тус группын удирдлагууд Эрдэнэт хотод энэ сарын 24–26 -ны хооронд ажиллав. Ирсэн зорилго нь Улаанбаатар Эрдэнэтийг шууд холбосон 270 км хурдны авто замын төсөл, мөн Наадмын талбайд сүндэрлэх спортын битүү цэнгэлдэх ордон барих төсөлд хамтран ажиллах боломжийг судаллаа. Уг төслийг “Эрдэнэт хотын хөгжил  бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ санаачилж, улмаар Эрдэнэт хотод хөрөнгө оруулах хамтран ажиллах саналыг тавьсанаар ийнхүү “Шин Тай” группын төлөөлөл Эрдэнэт хотод ирж ажиллав. 

“Шин Тай” групп нь Өвөр Монголын Ордос хотын бүтээн байгуулалтын  80 хувийг дангаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 40 мянган хүний багтаамжтай дөрвөн том цэнгэлдэх хүрээлэнг барьсан туршлагатай байгууллага юм. Энэ удаад хийх төслийн эрх зүйн орчин, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдвэл уг төслүүд ажил хэрэг болоход тун ойрхон байна. Хэрвээ Улаанбаатар Эрдэнэтийг холбосон 270 км хурдны авто зам тавигдвал 50–60 км тутамд 150–200  мянган хүн амтай 3-4 шинэ суурин байгуулагдах юм. Зам дагаад хөгжил гэдэгчлэн Улаанбаатарыг зорих их нүүдлийг саармагжуулах, хүн амьдрах шинэ сонголтыг бий болгох юм.

Эрдэнэт бол залуусын хот, спортын хот гэж яригддаг. Тиймээс спортын өвлийн болон зуны битүү цэнгэлдэх хүрээлэнгийн аль нэг нь баригдсанаар улирлаас шалтгаалахгүйгээр бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх боломжийг Эрдэнэтийн тамирчдад олгох юм. Үүнд хөнгөн атлетикийн бүхий л төрөл, дугуй, уран гулгалт, хоккей, тэшүүр гэх мэтчилэн маш олон спортын төрлөөр тамирчдыг бэлтгэх, хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг. 

Ирээдүйн олимпын аварга Эрдэнэтээс төрөх баярт цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн олон улсын томоохон тэмцээн уралдаан Эрдэнэт хотод зохион байгуулж, жуулчдыг татах олон боломжууд Эрдэнэтийн иргэдэд ирэх юм. Энэ мэт Эрдэнэт хотын хөгжил рүү чиглэсэн олон төслүүд биеллээ олж, бүтэхгүй мэт яригддаг энэ ажлууд удахгүй сүндэрлэж  үр шимийг нь хүртэх цаг айсуй.

“Хэлсэн л бол хийнэ” хэмээсэн уриатай  “Эрдэнэт хотын хөгжил  бодлого судалгааны хүрээлэн”-гийн залуусын “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр үргэлжилж байна 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)