С.ГАНТОГОО: Манайхан хэлсэн санааг ажил хэрэг болгохдоо чадамгай
Уул уурхай 15 өдрийн өмнө     46    0

Мэргэжил бүхэн бахархалтай. Харин тэрхүү ажил мэргэжлээ голж шилэлгүйгээр, урдах ажлаа сайн хийж чадвал өөр нэгэн үүд хаалга нээгддэг болохыг Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа. Тэрээр засварчнаас эхлээд хэсгийн дарга болтол дэвшихдээ залуучуудад мэргэжлийн дадлага туршлагаасаа хуваалцан, үнэт зөвлөгөөг харамгүй өгсөөр иржээ. 

  - Та ажил мэргэжлийнхээ замналаас хуваалцахгүй юу?
   - Политехникийн дээд сургуульд элсэж, сургууль маань нэрээ сольсноор 1991 онд авто инженер мэргэжлээр Техникийн их сургуулийн анхны төгсөгч болсон. Сургуулиа төгсөөд  1994 онд Эрдэнэт үйлдвэрт мэргэжлийнхээ дагуу засварчнаар ажилд орж байлаа. Тэр үеэс хойш мастер, сургалтын инженер, бүтээмж инновацийн мэргэжилтэн, хэсгийн орлогч даргаар дэвшин ажилласан. Одоо хэсгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

   - Үйлдвэрлэлд оновчтой санал гаргаж хэрэгжүүлсэн манлайлагчдын эгнээ өргөжин тэлсээр байна. Таны хувьд 2018 оны шилдгүүдтэй эн зэрэгцлээ. Сэтгэгдэл хэр өндөр байна?
   - Өдөр тутмын ажлаа сайжруулах нь бүтээмжийн ажил байсныг хожим ойлгосон. Хэдийгээр нэршил нь өөрчлөгдөж, бүртгэл хийдэг болсон ч өмнө нь бидний хийдэг л байсан ажил. Гэхдээ илүү сайжирсан. Өнгөрсөн онд манай хэсэг 172 санал гаргаснаас дөрвийг нь хэрэгжүүлж чадаагүй. Харин оны эхний хагас жилийн байдлаар сайн саналын системд 150 санал бүртгэгдлээ. Бид 2019 онд 240 санал хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол оны эцэс гэхэд энэ тоо даруй нэмэгдэх төлөвтэй байна. Манайхан хэлсэн санааг ажил хэрэг болгохдоо чадамгай.

   - Хэсгийнхээ хэмжээнд хэдэн дугуйлантай вэ?
  - Манай хэсэг 140 гаруй ажилчин, бүтээмж чанарын 11 дугуйлантай. Тэдгээрийн 15 нь инженер техникийн ажилтан байдаг. Бидний дундаас мотор агрегатын “Сүлд” чанарын дугуйлан бусдаасаа илүү санаачилгатай ажиллаж байна. Аливаа бүтээмжийн ажлуудад хяналт тавьснаар ажлын цаг ашиглалт сайжирч, энд тэнд сэлгүүцэх зав гардаггүй болсон. Ажилчид дор бүрнээ санаачилгатай болж, үүнийг хиймээр байна, гээд асуух жишээтэй. Бүтээмжгүй суудаг хүн бараг байхгүй.

   - Хийж хэрэгжүүлэх ажлаасаа онцолбол?
  - Манайд ашиглагддаг CUMMINZ маркийн дотоод шаталтын хөдөлгүүр бий. Төлөвлөгөөт хугацаанд нь сэлбэг нийлүүлэлт болон бусад шалтгаанаас болж ревиз хийлгүй явуулаад байвал тухайн машины тахир гол, блокыг дахин ашиглах боломжгүй болох талтай. Ингэснээр зөвхөн нэг хөдөлгүүрийг засварлахад 400 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Харин хэмнэлтийн төлөвлөгөөнд оруулж өгснөөр 80 орчим сая төгрөгөөр таван хөдөлгүүрийн насжилтыг уртасгах боломжтой. Үйлдвэрт ашиглаж байгаа түлш олон дамжлагаар ирдэг тул зөөвөрлөх, хадгалах явцад ихээхэн бохирддог. Тиймээс нано технологийн шүүрийг ашиглах нь түлшний системийн эд ангийн эвдрэлийг багасгаж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ гэж харж байгаа.

   - Эхний зургаан сарын ажлын явцынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
  - Манай хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  ашиглаж байгаа бүх төрлийн технологийн тээврийн БелАЗ маркийн автомашины техник үйлчилгээ, урсгал засварыг хариуцан ажиллаж байна. Бидний ажлыг үнэлдэг гол зүйл нь техникийн бэлэн байдлын коэффициент байдаг. Хагас жилийн үзүүлэлтээр техникийн бэлэн байдлын итгэлцүүр маань 0,92 хувьтай гарсан. Энэ бол сайн үзүүлэлт.

   - Мэргэжлийн тал дээр хэрхэн хөгжиж, цаг үеэ дагаж байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийнхээ буянаар гадаад орнуудад туршлага солилцох ажлаар нэлээд явсан. Ажлын туршлага ч ахисан. Хамгийн анх Беларусын Жодино хотод БелАЗ-ын үйлдвэрийг сонирхож, сургалтад хамрагдаж байсан. Дараа нь ОХУ-ын Кемерова мужийн уурхайнуудаар туршлага судалсан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад СUMMINZ болон бусад үйлдвэрийн газруудаар явсан. Өнгөрсөн хаврын тухайд дугуй засварын чиглэлээр сүүлийн үеийн шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ материалуудтай танилцахаар  ХБНГУ-д  яваад ирсэн.

   - Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг