Монголбанканд итгэх иргэдийн итгэл 2017 оныхоос 14.2 пунктээр буурчээ
Нийгэм, Улс төр 19 өдрийн өмнө     62    0

МУИС-аас хийсэн Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн 2019 оны нэгдүгээр улирлын судалгаагаар иргэдийн арилжааны банканд итгэх итгэл хамгийн өндөр хэвээр байгаа бол Монголбанканд итгэх итгэл суларчээ. 

Судалгааг орон даяар явуулахдаа 1,000 орчим хүнийг санамсаргүй байдлаар хамруулдаг бөгөөд Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг 2016 оны III улирлаас эхлэн тандан судалж байна.

 

Санхүүгийн салбар иргэдийн итгэл дээр тогтдог тул энэхүү судалгаа бодлого боловсруулагчдад чухал ач холбогдолтой билээ. 

Тэгвэл санхүүгийн байгууллагад итгэх итгэлийн талаар эерэг үзүүлэлтүүд гарчээ. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, ББСБ-д итгэх иргэдийн итгэл өмнөх оны мөн үеэс 6.3 пункт хүртэл өсжээ.

СЗХ-нд итгэх итгэл л гэхэд 11.9 пунктээр нэмэгдсэн талаар МУИС-ийн багш, дэд профессор, доктор Б.Соёлмаа танилцууллаа. Харин Монголбанканд итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад 14.2 пунктээр буурчээ. “2018 оны судалгаагаар Монголбанкийг асуулгад оруулаагүй байсан учраас 2018 оны дүн байхгүй. Тиймээс 2017 онтой харьцуулсан” хэмээн Б.Соёлмаа нэмж хэлсэн юм.

"Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байсаар байна. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байдаг" гэдгийг Б.Соёлмаа хэлсэн.

Даатгалд итгэдэггүй иргэдийн тоо өсжээ

Даатгалын салбарын үзүүлэлтийн хувьд тийм ч сайнгүй байна.

Тухайлбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 20% нь сайн дурын ямар нэгэн даатгалд хамрагдсан байгаа нь өмнөх оноос доошилжээ. Нийт иргэдийн 73.8% нь даатгалгүй бөгөөд тэдний 50% нь “хэрэгцээгүй” гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, даатгалыг ийн үзэх иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 21% өссөнийг судалгаанд дурджээ. Товчхондоо тус салбарт “итгэдэггүй” гэж суалгаанд оролцогчдын 12.8% нь үзжээ. 

Иргэдийн хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхол 15%-тай тогтмол хэмжээнд байгаа ч 80% нь оролцоогүй хэвээр байна. Яагаад оролцоогүй шалтгааны тухайд: 

  • 36.9% нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй,
  • 65.1% нь мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгчээ.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, иргэдэд өгч буй мэдээлэл маш хангалтгүй байгааг уг судалгаа харуулсан байна. 

Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар зээл авжээ.

Тодруулбал, 72% нь арилжааны банкнаас зээл авсан бол 29.9% нь ломбардаас авсан байна. Харин 18.4% нь хувь хүнээс зээл авсан бол 15.2% нь ББСБ-д зээлтэй гэжээ. Эндээс үзвэл, иргэдийн 48.3% нь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авсан байна

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг