“Гэрэлтэй Эрдэнэт” төсөлд БНСУ-ын Сөүл хотын дарга нэгдлээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     179    0

“Эрдэнэт хотын Бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар албан ажлаар БНСУ-ыг зориод байна. Тэднийг  БНСУ-ын Сөүл хотын захиргаа, Төв номын сангийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын үеэр  Сөүл хотын дарга Паг Вонсүн Солонгос хэл сурахад хамгийн их түлхэц өгдөг  уран зохиолын 220 нэр төрлийн 314 ширхэг номыг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн V сургуульд  хандивлалаа. Монголын залуусын дунд хамгийн эрэлттэй гадаад хэлний нэг нь солонгос хэл байдаг. Тиймээс тэдний сурах, хүсэл тэмүүлэлд урам зориг өгөх томоохон алхамын нэг нь энэ болж байна.

 Өмнө нь Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар “Бумбардай” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар 2000 ном хандивлах ажлын хүрээнд  Бүрэнбүст багийн V сургуулийн Солонгос хэлний тэнхимд зочилж байсан юм. Тавдугаар сургуулийн удирдлагууд солонгос хэл сурахад дэмжлэг өгдөг, хүүхдүүдийн хэл сурах эрмэлзлэлийг төрүүлдэг уран зохиолын ном дутмаг байгаагаа  дурдаж байсан. Тухайн үед Бат-Өлзийн Бат-эрдэнэ  БНСУ-ын холбогдох байгууллагатай холбон,  олж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ийнхүү биеллээ оллоо.

Тус сургуулийн номын фондын ихэнхи хувийг сурах бичиг зонхилдог байсан бол энэ удаад  солонгос хэл дээрхи уран зохиолын 314 ширхэг номоор баяжигдан сурагчдын гарт очих баярт мэдээг танд хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)