Солонгосчууд 170 мянган тонн “цагаан тоос”-оор хүнсний бордоо үйлдвэрлэнэ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     267    0

Цагаан тоостой танилцсан сурвалжлага 3

Цагаан  тоостой танилцсан бидний аялал үргэлжилсээр. Аялалын явцад бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр хэвлэлийнхэн ингэж цагаан тоостой уулзаж бодит байдлыг газар дээрээс нь иргэдэд, уншигчдад хүргэж, түгээх гэж байгаад талархаж байна. Цагаан тоос тун удахгүй дарагдана. 

Би өөртөө болон энэ хамт олондоо цагаан тоосыг дарж чадна гэдэгт итгэлтэй байна. Манай үйлдвэр 41 дэх жилдээ ажиллаж байна. Би энэ үйлдвэрт жирийн уурхайчнаас эхлээд орлогч захирал болтоо яг 30 жил ажиллажээ. Үүний 20 жилд нь цагаан тоосыг дарах, энэ чиглэлийн ажилд гар бие оролцож явсан.  Цагаан тоосны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид яаж ажиллах вэ гэдгийг сайн мэднэ. Цагаан тоос өнөөдрийг хүртэл ганцхан Эрдэнэт үйлдвэрийн асуудал байсан. Саяхнаас бүх нийтийн хэрэг буюу аймаг, орон нутгийн оролцоотой иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдралын тусын тулд хамтран гар нийлэн ажиллаж эхэллээ. Энэ бол хамгийн эхний давуу тал. Аймгийн удирдлага болон Эрдэнэт үйлдвэр, мэргэжлийн байгууллагууд  хамтраад “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Дэд хөтөлбөрийнхөө хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа, шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүгийн эх үүсвэрийн төсөөлөл тооцоогоо гаргасан. Энэ бол бидний гартаа барьж аваад хийх ажил эрэмбэ, дараалалтай болж буй хэрэг. Дээр нь “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийнэ. Мөн хийх ажлынхаа шалгуур үзүүлэлтийг, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Эндээс харвал цагаан тоосонд төр засаг, аймаг орон нутаг анхаараа хандуулж эхэлсэн гэсэн үг. Бидэнд өнгөрсөн хугацаанд цагаан тоосыг бууруулах чиглэлээр хийж ирсэн ажлын туршлага, өөрсдийн гаргаж авсан технологи байна. Одоо бид хамтраад хийх ажил л үлдээ. Ингэж чадвал цагаан тоос дарагдана, бид итгэлтэй байна гэсэн юм.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа аймгийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөндлөнгөөс цагаан тоос хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг эсэхийг эцэслэн тогтооно. Шинжлэх ухааны академиар хөндлөнгийн судалгаа хийлгэнэ. Хөрөнгийг нь бид гаргая. Дээр нь цагаан тоос ургамлын бүтцэд хэрхэн нөлөөлж байгаа вэ, Хангалын голын бохирдолдолт зэрэгт судалгаа хийнэ. Өмнө нь тодорхой чиглэлээр ажиллаж байсан. Тухайлбал, манай үйлдвэр цагаан тоосны бүсэд амьдардаг Баянцагаан, Говил багийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт түүвэрлэн хамруулсан. Ингэхдээ Булган аймгийн Бугат сумын зарим иргэнийг эрүүл мэндийн харьцуулсан үзлэг, судалгаанд хамруулсан. Бугат сумын малыг Жаргалант сумын малтай жишиж судалсан. Ингэхэд хортой, хордсон гэдэг нь тогтоогдоогүй. Энэхүү судалгаагаа дахиад хөндлөнгийн багаар хийлгэнэ. Үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн хэсэгт 1000 гаруй га-д цагаан тоос босдог. Үүний 560-ыг нь бид дарж чадлаа. Өөрөөр хэлбэл, нийт тоос босдог талбайнхаа 70 гаруй хувийг нь дарж чадсан гэсэн үг. Үлдсэн 200 гаруй га-г нь дарах боломж бий. Цаг үеийн асуудал л байна. Нуурын мөсний хайлалт зэрэгтэй хамаатай. Цаашлаад далангийн аюулгүй байдалтай холбоотой учраас цаг хугацааны хувьд асуудал бий. Элс хураалт буюу далан байгуулах, өндөрлөх ажил нарийн технологитой. Одоогийн далан 1320 метрт хүртэл ашиглана. Даланг 15-17 жил ашиглана гэсэн үг. Энэ хугацаанд бид дараагийн далангийн асуудлыг ярьж, судалж байгаа. Дараагийн далан тоос босдоггүй, дэлхийн жишигт хүрсэн байгууламж байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үед бид цагаан тосыг мартана хэмээн итгэлтэйхэн өгүүлж байсан юм.

Цагаан тоосыг бордоо болгон ашиглаж болдог технологийг дэлхий аль хэдийнэ нэвтрүүлжээ. Энэ тал дээр  хамтран ажиллах саналаа БНСУ-ын талынхан Эрдэнэт үйлдвэрт ирүүлээд байгаа гэнэ. Тэд жилдээ 170 мянган тонн хаягдал элс авахаар үйлдвэртэй ярилцаж байгаа ч нийлүүлэгчдийн хувьд энэ нь дэндүү чамлалттай санагдсан байна. Яагаад гэвэл 170 мянган тонн элс гэдэг бол үйлдвэрээс өдрийн хагаст л гарах хаягдал элсний хэмжээ аж. Үнэхээр инээдтэй санагдсан. Солонгосчуудын Монголд үйлдвэрлэх бордооны түүхий эд болох хаягдал элс хэмжээд үзвэл 170 мянган тонн. Энэ тоо үйлдвэрийн хагас өдрийн  ажил гэхийг сонсоод аргагүй л дэлхийн жишигт хүрсэн, Азидаа томоохонд тооцогдох аварга том үйлдвэр гэдэг нь харагдана. Солонгосын тал эндээс авсан элсээрээ хүнсний бордоо үйлдвэрлэх гэнэ. Ингэхлээр өнөөх дэгдээд байгаа цагаан тоос хаягдал биш мөнгө болох цаг айсуй гэдгийг гадныхан эхнээсээ нотлож байна.  

Хангалын голыг бохирдуулдаг эх үүсвэрийг тогтооно

Үйлдвэрийнхэн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, дарах ажлыг хийхийн зэрэгцээ цагаан тоосны нөлөөлийн бүсийг тогтооно. Нөгөө талдаа салхины хурдаас хамаараад дэгддэг цагаан тоосны тархалтын бүсийг тогтоох чиглэлээр ажилахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Хангалын голыг бохирдуулдаг эх үүсвэрийг судалж байгаа аж. Өмнөх судалгаанаас харвал Хангалын голыг бохирдуулдаг 11 байгууллагын 17 цэг буюу бохирдуулагч үүсвэр байгааг нэгэн удаагийн хурал зөвлөгөөн дээрээс сонсож байсан. Тэгвэл энэ удаад үйлдвэрийнхэн Хангалын голын бохирдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Үйлдвэрийнхэний хувьд тэднээс хамаарч Хангалын голыг бохирдуулж болзошгүй хоёр зүйл байгаа гэж үздэг. Нэгдүгээрт, шүлтлэг ус буюу эрдэсжсэн ус Хангалын голд орж болзошгүй. Шүлтлэг ус нь химийн урвалжийн хольцтой учраас голын усанд орж болохгүй. Бид Баян-Өндөрийн рашааныг хүртэхдээ  “Эм болог, дом болог, эрүүл болог” гэж уудаг. Энэ рашаан эрдэс, чулуугийн дундаас гарч байгаа учраас өөр амт, үнэртэй. Үүнтэй адил үйлдвэрийн бүсэд газрын доогуур шүүрлийн ус урсдаг учраас түүнийг нь 11 метрийн гүнд барьж аваад тусгай бассейнд хуримтлуулдаг. Хоногтоо бараг 17 мянган куб шүлтлэг усыг бассейнд барьж авдаг. Ингэж шүлтлэг, хүчиллэг усыг Хангалын голд оруулахгүй тулд 50 мянган тоннын багтаамжтай хоёр, 5 мянган тонны даацтай нэг аваарын бассейныг өнгөрсөн хугацаанд үйлдвэрийнхэн барьж, байгуулжээ. Хоёрдугаарт, тэрхүү шүлтлэг усны доор хяналтын сувгийн ус гэж байгаа. Түүнийг шүлтлэг усаар бохирдуулж болохгүй гэж үзэн дээрх арга хэмжээг авчээ. Орлогч захирал Д.Батмөнх “Би одоо ч тэр шүлтлэг усны доор байгаа хяналтын уснаас та бүхний нүдэн дээр ууж үзүүлсэн ч болно. Яагаад гэвэл бид шүлтлэг усыг хянаж, барьж авч чадаж байгаа учраас Хангалын гол бохирдоогүй гэж ойлгож болно” гэсэн юм. Ямар ч байсан Хангалын голын бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг хийх ажээ.

Уурхайчдын  ажлын онцлогийн талаар бид аяллынхаа явцад зарим зүйлийг олж мэдлээ. “Уурхайчны хөдөлмөр хүнд шүү” гэж гурван үгээр хэлдэг байсан бол бид энэ удаа уурхайчин хүн усны урсгалаас илүү салхины хурдтай адил ажилладаг болохыг жирийн иргэн та бид алд дэлэм нүх ухахынхаа өмнө аяга цайгаа уучихаад ажилдаа гардаг. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид өмнөх ажлаа бүрэн дүүрэн хийчихээд аяга цайгаа уудаг аж. Өөрөөр хэлбэл, уурхайчид цайгаа уух тэр нөхцлөө эхлээд бүрдүүлдэг хүмүүс гэдгийг ойлгож мэдэж авлаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)