Солонгосчуудыг АТГ-д өгч хөөж гаргачихаад хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах уу
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     1155    7

Манай хотын төвд, наадмын талбайн баруун талд “ББ парк” нэртэй орон сууцны хороолол баригдаж байгаа. Тун удахгүй эхний ээлжийн 80 гаруй айлын орон сууц ашиглалтад орж Эрдэнэт хотын төдий тооны айл өрх шинэ байранд орж гал голомтоо асаах гэж байгаа. Агаарын бохирдол, амьдрах орчин нөхцөл гээд олон талаас нь харвал Эрдэнэтэд орон сууцны хороолол нэг биш нэлээн хэд хэрэгтэй санагдана. Гэтэл энэхүү “ББ парк” цогцолбор хотхоныг барьж байгуулж байгаа, Эрдэнэтэд хөрөнгө оруулалт хийж буй БНСУ-ын иргэд Авлигатай тэмцэх газарт байцаагдаж ажил хийснийхээ төлөө хардлага сэрдлэгт өртөж эхэлжээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй зарим хүн БНСУ-ын иргэдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бололтой. 

Манай аймгийн зарим нэг иргэн Солонгосын талын нөхдүүдийг хардаж сэрдэн тойргийнхоо гишүүнд энэ тухай дуулгаснаар асуудал үүссэн юм уу даа, янз нь. УИХ-ын гишүүн бүү хэл, жирийн иргэн хэнд ч хардах эрх бий. Үнэхээр Эрдэнэт хотын төвд гадны нөхөд дураараа газар ухаад байшин бариад эхэлсэн бол “Эдний ард хэн байна” гээд л жирийн иргэнээс эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч гүйлдэнэ л дээ.

Тэгвэл энэхүү цогцолбор хотхоны хувьд аймаг орон нутгийн удирдлагаас нь санаачлага гаргаад Солонгосын талд санал тавиад харилцан ойлголцсоны үндсэн дээр ажил нь эхэлсэн гэж Эрдэнэтийн олон иргэн ойлгож ирсэн. Түүнээс биш захын, дурны нэг иргэн, тэр дундаа гадны нөхөр ирээд наадмын талбайн хажууд ч байшин барьчихгүй л дээ. Тэгээд ч энэ газрын зөвшөөрөл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр байдаг. Энэ нь ч зөв алхам болсон. Өмнө нь бид хотын төвдөө 10 гаруй га газрыг Эко хороолол бариад өгөөрэй гээд дотоодын хөрөнгө оруулалгчдад өгч үзсэн. Тэд бидний өгсөн газар дээр төрийн болон татвар төлөгчдийн мөнгөөр дэд бүтцийг нь хийлгэж авангуутаа өнөөх газраа банкны барьцаанд тавиад хэдэн тэрбум төгрөг авчихсан гашуун түүх бий. Үүнээс л сэргийлж орон нутгийнхан газраа банкны барьцаанд оруулчихгүйн тулд өмчлөх эрх бүхий зөвшөөрлийг нь төрийн нэр дээр авсан хэрэг.

Ер нь Эрдэнэт хотод орон сууцны хороолол хэрэгтэй юу гэж асуувал бүгд тийм гэнэ. Дотоодын хөрөнгө оруулагчдаар барилга барих мөнгийг нь гаргуулах гэвэл цаг хугацааны хувьд ч асуудалтай. Харин гадны мөнгөтэй, хөрөнгөтэй эрхмүүдтэй хамтран харилцан ашигтай гэрээ байгуулж чадвал Эрдэнэтэд нэг ч гэсэн байшин хороолол сүндэрлэх учиртай. Үүнийг хууль дүрмийнх нь дагуу хэлбэл “Гадны хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах” гэж байгаа юм. Гадныхан тэр дундаа Солонгосчууд байшин барилга барихын тулд юуны түрүүнд дарга нарт авлига өгөөд гүйхгүй л болов уу. Тэд чинь авлига өгч, авалцсан нь нотлогдвол улсынхаа Ерөнхийлөгчийг ч барьж аваад яллачихдаг шударга улс,  биднийг бодвол. Тиймээс байшин барьж байгаа солонгосчуудыг АТГ-т өгч  шалгуулж үргээж, хөөхийн оронд тэр зүгийн баячуудыг, хөрөнгө оруулагчдыг нааш нь татах тал дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч, аймгийн удирдлагууд ч, Эрдэнэтийн иргэд ч хамтарч ажиллах ёстой. Нэг их холгүйхэн бид өвлийн утаа, хөрсний бохирдол гээд хүнд асуудалтай тулгарна. Үүнээс сэргийлэх ганц ажил нь байшин хороолол байгуулах. Нэгийг биш, нэлээд хэдийг байгуулснаар дээрх асуудлыг бага ч гэсэн шийднэ. Эрдэнэт хотод байшин, барилга бүхий хороолол барих гэж ирсэн Солонгосчуудыг АТГ-аар айлгаж, ичээгээд байвал хэн хохирох вэ. Юуны түрүүнд хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй сарайсан балгас л үлдэнэ. Хамгийн хүнд нь хөрөнгө оруулж хамтран ажиллахаар ирсэн Солонгосчууд хохирлоо нэхэмжилбэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Дээр нь алданги тооцоод эхэлбэл бидэнд нэг их сайхан дүр зураг харагдахгүй л болов уу. Эсвэл улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж Солонгосчуудын хохирлын нь барагдуулах тухай хуулийн төслийг гишүүдтэйгээ хамтраад санаачлах хэрэг үү. Ийм нөхцөл байдалд хүрвэл нэг хэсэгтээ бүү хэл нэлээн хэдэн жил гадны хөрөнгө оруулагчид Эрдэнэтийн зүг мөрөө гаргахгүй л байх.   

Эцэст нь хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн  “Барилгачин Баяраа” шүлгийг манай уншигчид санаж байгаа. Уг шүлэгт      

Баяраа ойрдоо ажил ихтэй

Байшин бариад амралт багатай

Өглөө босоод өрж гарна

Өндөр намаар нь барьж эхэлнэ... гээд л гарна.

Эрдэнэтчүүд уг нь “Барилгачин Баяраа” шиг өглөө босоод л өрж баймаар улс. Гэтэл өглөө босоод хэн нэгнээс айгаад, хүний хийж бүтээсэнд уур бухидал нь төрөөд АТГ-т өргөдөл бичээд суух нь хэр зохистой бол. Саяхан даа, нэг хэсэг нөхдүүд “ББ” гэдэг нэр, үгнээс айгаад “Хэн, хаанаас гараад ирэв. Яах гээд байна, энэ нөхөр” гэж ирээд л сандарч гүйлдсэн. Гэтэл одоо “ББ парк” баригдаад, солонгосчууд байшин барьчихлаа. Үүнийг зогсооё, АТГ-д өгчихье” хэмээн гүйлдэж байгааг байшинтай болох гэсэн залуу гэр бүл, хашаа байшингаа зараад байранд орчих гэсэн хэдэн арван айл өрхийн иргэд ойлгохгүй байна. Ганц, нэгхэн байшинтай мини хотхоныг эс тооцвол сүүлийн жилүүдэд Эрдэнэтэд томоохон байшин хороолол хэд баригдсан бэ. Нэг, хоёр гэж хагас дутуу хэлээд л зогсох болов уу. Уг нь бид хууль дүрмийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтыг нь татаад орчин цагийн “Барилгачин Баяраа” нар болох солонгосчуудыг нааш нь дуудаж чадвал нэг ч гэсэн айл, өрх байшин хороололд амьдрах боломж бүрдэх биш үү.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (7)