“Баян-Өндөр хайрхан”-д Өлзийт 8 тахил, төрийн 7 эрдэнийг өргөв
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     265    1

Зуны тэргүүн сарын шинийн 11-ний билигт сайн өдөр Баян-Өндөр хайрхнаа тахилаа. Тахилгын ёслолын эхэнд лам хуврагууд ном айлдсан юм. Үүний дараа өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнийг залах ёслол боллоо. Уул ус, лус савдгаа тахих ёслолд Эрдэнэт хотын захирагч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг Дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон холбогдох албаныхан, сүсэгтэн олон оролцлоо.

Баян-Өндөр хайрхныг 1998 онд орон нутгийн хамгаалалтад авчээ. Үүнээс хойш 2011 онд Баян-Өндөр хайрхан уулыг орон нутгийн тахилгатай уул болгож, уулын тэнгэрийг тайх ёслолыг жил бүрийн зуны тэргүүн сард хийхээр Засаг даргын захирамж гарсан байна. Баян-Өндөр уулаа тахин шүтэж, хайрлан хамгаалахыг  нийт иргэдэд уриалжээ. Лам хуваргууд Очирваань, Лхам бурхдад сэржим өргөх судар, Баян-Өндөр хайрхны сан судрыг айлдав. Овоонд өргөл өргөх, сүсэгтэн олон овоог гороолох, морь сэтэрлэх, сум тавих зан үйлийг хийлээ. Тахилгын үеэр уулын эзэнд унаа хүлэг сэтэрлэн өргөдөг ёс бий. Сэтэрлэх зан үйл нь мал сүргээ сахин, өсч үржихийг бэлгэддэг байна.

Энэ жил уул, овооны эзэнд хул хонгор зүсмийн морийг сэтэрлэлээ. Уул усыг тахиж, лус савдгийг баярлуулах нь хур бороогоо хайрлан, газар шимээ дэлгэж, элдэв өвчингүй, аюул осолгүй, сайхан улирал болохыг бэлгэшээдэг гэдгийг Хутагт ламын “Ганданшаддүвлин” хийдийн лам Н.Мөнхбаяр хэллээ. Тахилгат газар нь олон түмнийг нутаг усаа хүндэтгэн хамгаалахын төлөө эвсэн нэгдэх гол тулгуур болдог байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)