"Төрд өргөх таван санал"-ыг аймгийн Засаг даргад гардуулав
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     185    0

Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд Эрдэнэт хотноо болж буй баярын хөтөлбөр "Аз жаргалтай гэр бүл" чуулганаар үргэлжлэв. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Энх Эрдэнэтийн хөгжил”ТББ байгууллага хамтран зохион байгуулсан "Аз жаргалтай гэр бүл" үйл ажиллагаа Эрдэнэтчүүдийг нэг зүгт харах таатай боломжийг бүрдүүлж өглөө.

Аз жаргал гэдэг бол алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон байдаг гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршиж байна. Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан "Аз жаргалтай гэр бүл" чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нээв. Тэрээр "Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл юу юунаас илүү гол үүрэгтэй"-г онцолж, дэмжиж хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархлаа. Чуулганд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, "Энх Эрдэнэтийн Хөгжил" ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх нарын хүндэт зочид болон аймгийн засаг захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцлоо.

  Чуулганы үеэр гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлийг шагнав. Түүнчлэн "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө "Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе" сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах чухал сэдвийн нэг байлаа. Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь МЭХ-ны Орхон аймаг дахь салбараас өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан "Эрдэнэтийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулганы төлөөлөгчдийн санал бүхий "Төрд өргөх таван санал"-ыг аймгийн Засаг даргад гардуулсан явдал байв.

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)