Дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алджээ
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     240    0

Орон сууцны давхраас хүүхэд унасан хэрэг дахин бүртгэгдсэнийг Цагдаагийн газраас мэдээлэв.  Долоодугаар хорооллын “Хөүп Таун” хотхоны дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Бага насны хүүхэд өндрөөс унасан хэрэг сүүлийн хоёр сар дараалан бүртгэгдлээ.   Орон сууцны дээд давхраас хүүхэд унах гэж байсан тохиолдлууд ч хэд хэд гарсан байна. Гуравдугаар сард дөрөвдүгээр хорооллын 18-р байрнаас хүүхэд унах гэж  байсныг оршин суугчид харж яаралтай тусламж дууджээ. Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр хорооллын 21-р байрны тагт цонхон дээрээ гарсан хүүхдийг Онцгой байдлынхан аварсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр орон сууцны гурван давхраас хүүхэд унасан хэрэг гарч байсан. Тодруулбал, Баян-Өндөр сумын Зэст багт гэртээ цоожтой үлдсэн бага насны хүүхэд унаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт хүргэгдсэн. Хүүхдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан талаар мэдээлж байсан. Эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Хүүхдийг асран хамгаалагчгүй орхих, үл хайхрах нь хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тооцогдоно. Хуулийн дагуу арга хэмжээ авдаг гэдгийг Цагдаагийн газраас анхаарууллаа.  Эцэг эх, асран хамгаалагчид үр хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, мансардтай байшин, орон сууцны байрны  цоож хаалт, тагтны хамгаалалт төмрийг сайтар  хийх, хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байхыг сануулж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)