Нөөцийн мах борлуулж байгаа цэгүүдэд хяналт тавьжээ
Хотын амьдрал 6 сарын өмнө     114    0
Орхон аймгийн  ЗДТГ  “Эрдмийт” компанитай хамтран хаврын нөөцийн махыг бэлтгэн борлуулж байна. Аймгийн хэмжээнд зургаан цэгт нөөцийн махыг худалдаалж байгаа юм.  Эдгээр цэгүүдэд аймгийн ХХААГ, МХГ, ХЭАХН,  Мал эмнэлгийн газар,  ЗДТГ-ын холбогдох ажилтнууд хяналт шалгалт хийж, борлуулалттай танилцлаа. Нөөцийн махыг  “Хүлэг” худалдааны төв, Үйлчилгээний төвийн “Энх төв”,  Булаг багийн “Баянбулаг” дэлгүүр, Хорооллын эцэст байрлах “Хүрэнбулаг” дэлгүүр, Говил багийн “Шинэ тулга” дэлгүүрт худалдаалж байна.  Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг бэлтгэн нийлүүлж байгааг “Эрдмийт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтүвшин  хэлсэн. Одоогийн байдлаар “Хүлэг” худалдааны төвд хонины мах 8500 төгрөг, адууны ястай мах 8500 төгрөг, адууны цул мах 9000 төгрөг, үхрийн мах 9800 төгрөгний үнэтэй  байна. Харин нөөцийн мах борлуулах цэгүүдэд хонины мах 6500 төгрөг, үхрийн мах 7700 төгрөгөөр худалдалж байна. Дунджаар нөөцийн махыг бусад  худалдааны төвд борлуулж байгаа махнаас  1000-1500 төгрөгөөр хямд борлуулж байгаа юм.             Оюут багийн хоёрдугаар микрийн 28 дугаар байрны нөөцийн махны худалдааны цэгт мал төхөөрөх, гулууз мах хөрөөдөх, мах махан бүтээгдэхүүн хадгалах, боловсруулах үйлчилгээг явуулж байна.  Нөөцийн махны цэгүүдэд бог, бод малын махнаас гадна малын дайвар бүтээгдэхүүн хонины толгой, хонины сүүл, татсан мах худалдан борлуулж байгаа юм. Гуравдугаар сараас эхэлсэн нөөцийн махны борлуулалт ирэх зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)