Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
Хотын амьдрал 6 сарын өмнө     54    0
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг 2017-2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөрийг боловсруулж гаргасан[sgmb id="1"]. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 2018 оны хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн. Засаг даргын Зөвлөлийн гишүүд үнэндээ аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрөөс ичиж, нүүрээ хийх газаргүйн эрхэнд ширээн доогуур шургахаас наагуур юм болсон. Аймаг, орон нутаг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр иргэдийн архи, тамхины хэрэглээнээс эхлээд өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудалд наанадаж иргэдийн анхаарлыг хандуулах цаашилбал төр, засгаас гаргах бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэхэд энэ дэд хөтөлбөр ач тустай байлаа. Гэтэл аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа энэхүү дэд хөтөлбөр мөнгө үрэхээс өөр илүүтэй овойж оцойсон үр дүн бүү хэл хамгийн сайн хийсэн нэг ажил энэ гээд нэрлэхэд ч юм гарахааргүй байдалтай хэрэгжиж байгааг Зөвлөлийн гишүүд гэлтгүй аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд өсвөр насны охидын жирэмслэлт тойрсон асуудал аюулын харанга дэлдэхэд хүргэж байгаа. Тодорхой хэмжээнд албан ёсны  тоо, дүнг нь нууцалж байгаа ч өсвөр насны охидын жирэмслэлт, БЗХӨ, үр хөндөлтөөр манай аймаг Монгол улсад толгой цохих хэмжээнд хүрсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь  энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гардан гүйцэтгэх газар нь БОЭТ-ийн хашаанд байх хоёр давхар шар байшин буюу Нийгмийн эрүүл мэндийн төв гэдэг байгууллага. Гэтэл эднийх 2018 онд “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хуруугаа ч хөдөлгөөгүй бололтой. Тийм учраас Зөвлөлийн хурал дээр Засаг дарга Д.Батлут “Аймгаас та бүхэнд хүссэн мөнгийг чинь өглөө. Би та нарыг бусдаас цээжээрээ хамгаалдаг байсан. Юугаа хийгээд ширээний ард лаглайгаад суугаад байгаа юм бэ. Наад ажилдаа сэтгэл гарга л даа. Санаачлага гаргаж ажиллаач. Ажлаа зохион байгуулж чадахгүй байна. Та нар хүсэлт гаргаад би студи байгуулж өгсөн. Одоо тэр студийг яах юм бэ. Студийг татан авлаа. Энд саналаа танилцуул. Бүтэн жилийн хугацаанд тэр студи 8 нэвтрүүлэг, 12 зөвлөмж, 7 сурвалжлага хийлээ гэв үү. Наадахыг чинь манай хэвлэлийнхэн ганц, хоёрхон өдөрт л хийнэ. Арай ч дээ” гэж ирээд л бууж гарсан. Арга ч үгүй, “ажил хий, халдварт бус өвчинтэй тэмцэх талаар иргэдэд мэдээлэл өг” гээд зарим тохиолдолд хууль, дүрэм зөрчиж байгаад Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөний хүссэн мөнгийг ч гаргаж өгдөг тухайгаа Д.Батлут дарга нуугаагүй. Энэ байгууллагад 2017 онд 98 сая төгрөгөөр студи байгуулж өгсөн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн хуульчилсан. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх студийг татвар төлөгчдийн 100 шахам сая төгрөгөөр байгуулж өгсөн ч тэндээс гарч буй уран бүтээл олон нийтэд хүрдэггүй, хийсэн жаахан зүйл хэнд хүрсэн нь тодорхойгүй өнгөрсөн байна. Энэ бүхнээс харвал “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөр аймгийн хэмжээнд өнгөрөгч онуудад тодорхой хийсэн ажилгүй, татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгийг гаргуулж авчихаад ширээний ард шигдчихсэн хэдэн хүн байгааг Засаг даргын хэлсэн үгнээс харахад ойлгогдож байна. Ингэж ажлыг гурилдаж байхаар энэ хөтөлбөрөөсөө татгалзаж гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгвөл яасан юм бэ, дарга нар аа. Жил болгон  зуу зуун саяар нь эд нарт өгөөд байдаг татвар төлөгчдийн мөнгө гэж байхгүй л болов уу. Тэгээд ч аймгийн Засаг дарга Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөний хүссэн мөнгийг шийдэхийн тулд хууль дүрэм зөрчиж суухын хэрэг байна уу, шоронд орвол яана. Харин түүний оронд өөр гарц, шийдэл хайя. Үнэндээ аймгийн даргын алдаа, дутагдал ч бас энэ ажлыг нурахад, хэрэгжих боломжгүй болоход хүргэсэн бололтой. Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргаа ч өөрөө томилчихож чадаагүй нь үүнтэй холбоотой байж мэднэ. Энэ байгууллагын удирдлага болох Н.Болормаа гэдэг хүнийг  Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг аймгийн Засаг даргатай зөвшилцөлгүй дур мэдэн томилсон тухай дуулддаг. Гэтэл Ц.Мөнхцэцэг өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн, аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж дураараа авирлан Н.Болормаа гэдэг хүнийг дарга болгосноор асуудал үүсжээ гэж ойлгогдож байна.  Иргэдийн архи, тамхины хэтэрсэн хэрэглээ, өсвөр насны охидын жирэмслэлт, өсвөр насныханы бэлгийн хүчирхийлэл, бусад халдварт бус өвчний талаар баримтлах аймгийн бодлого гэж үнэндээ манайд алга гэдгийг хүлээн зөвшөөрч бууж өгөхөөс өөр гарц алга. Эсвэл чаддаг, мэддэг хүнийг нь багаар нь ажиллуулбал арай өөр болж мэдэх юм. Саяхан даа, өсвөр насны охидын жирэмслэлтийг таслан зогсоох талаар аймгийн удирдлагаас үүрэг даалгавар авсан албан тушаалтан “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдэд Нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байгаа” гэж тэнэгтэж байсан даа. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын дараа Ц.Мөнхцэцэг дарга чаддагаараа Нийгмийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх студийн сэтгүүлч, зураглаач хоёрыг “Юу ч хийхгүй байна, энэ тэр” гэж жаал зандарсан  тухай дуулдсан. Зарим тохиолдолд төрийн бусад байгууллагын дарга нар энэ студийн сэтгүүлч, зураглаачаар үр хүүхдийнхээ үсний найрны бичлэг хийлгэхээс эхлээд ажлын тайлан гаргаж яаманд явуулах нэрээр гуйлгын ажлыг хүчээр, хүсээгүй байхад нь хийлгүүлдэг тухай сонин сонин хэл яриа дуулддагийг дарга нарт энэ дашрамд сонордуулъя.    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)