Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
Онцлох мэдээ 4 сарын өмнө     22    0
Аймгийн Засаг даргын зөвлөл энэ сарын эхээр хуралдаж ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа нэлээн хэдэн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар авч хэлэлцсэн. Тухайлбал, “Анхдагч”, “Ач санах”, “Чөлөөт цагийн талбай”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай”, “Эмч”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх” зэрэг дэд хөтөлбөрүүд багтсан байлаа. Эндээс хамгийн их анхаарал татсан сэдэв нь “Эмч”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх” дэд хөтөлбөрүүд аймаг, орон нутагт хэрэгжсэн гэхэд хэцүү, огт хэрэгжээгүй гэж ойлгоход хүндрэлтэй нөхцөл байдалд дарга нарыг оруулж байсан юм. “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвхөн өнгөрөгч 2018 онд аймгийн төсвөөс 149 сая төгрөг зарцуулжээ. Энэ жил дэд хөтөлбөрт зарцуулах мөнгөний тоо багагүй хэмжээгээр нэмэгдэж байгаа аж. Гэтэл хамгийн сонирхолтой нь “Эмч” дэд хөтөлбөр хэрэгжүүлээд ч зарим ажилд үр дүн гарахгүй , эрдэнэтийн иргэдэд наалдацтай, ашигтай зүйл болохгүй байгаа гэнэ. Ганцхан жишээ дурдахад, Дотрын тасгийн н.Туяа гэдэг эмч гавьяаныхаа амралтанд өнөө маргаашгүй гарах ажээ. Гэтэл түүний оронд ажиллах дотрын эмч Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд эрж хайгаад ч олдохгүй болсон дуулдана. Аймгийн Засаг дарга Д.Батлут “Дотрын Туяа эмч тэтгэвэртээ гарвал Эрдэнэтийн 100 мянган иргэн яах вэ. Бүгд дотрын эмчид үзүүлэх гээд хот руу явах уу, яах вэ нөхдөө” хэмээн толгойгоо шааж суусан даа, энэ хурал дээр. Уг нь “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Ц.Мөнхцэцэг даргатай аймгийн Эрүүл мэндийн газар, Б.Батсүх захиралтай Бүсийн оношлогоо эмчилгээний төвийнхөн боловсон хүчний асуудалд хуруугаа ч хөдөлгөөгүй, суудлын бөглөөс болоод суусан нь аймгийн Засаг даргыг ийнхүү толгойгоо шаахад хүргэж байна. Аймгийн удирдлагаас дээрх байгууллагын дарга нарт энэ тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдэж улмаар Анагаахын дээд сургуулийн төгсөх болон дээд дамжааны оюутнуудтай гэрээ байгуулж ажиллахыг даалгасан аж. Энэ хүрээнд тухайн оюутны сургалтын төлбөрийг аймгаас төлөх, орон нутагт ажиллахад нь ажлын байр, орон сууцаар хангах бүхий л нөхцөл боломжийг нь тусгасан эхний гэрээ хэлцлийг байгуулахыг даалгасан юмсанж. Ийн атал БОЭТ-ийн захирал Б.Батсүх Засаг даргын зөвлөлийн хурал дээр “Анагаахын шинэ төгсөлтийн оюутнууд манай аймагт ирэхгүй  л дээ. Яагаад гэвэл Улаанбаатарт ойрын хоёр гурван жилдээ нэлээн хэдэн томоохон эмнэлэг ашиглалтад орно. Төгсөгчид нь тэнд л ажиллана гээд байгаа” хэмээн хэнэг ч үгүй арьсаа хамгаалсан тайлбар хийгээд сууж байх  юм. Тэгвэл эхний удаад бидэнд гарц байна.  н.Туяа эмчийг гавьяаныхаа амралтанд гарвал ард нь ажиллах дотрын мэргэшсэн эмч Эрдэнэтэд нэгийн зэрэг байна шүү, Засаг дарга аа. Бүр Засаг дарга таны хажууханд даргын албан тушаал дээр заларсан нэг эрхэм байна. Тэр нь  аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, бүр  дотрын эмч мэргэжилтэй гэнэ. Цаашилбал, эмч болсныхоо дараа дотрын эмчээр мэргэших сургалтанд хамрагдахдаа улсын хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр шат шатны сургалт, дамжааг дүүргэж мэргэшээд дотрын эмчийн чиглэлээр ажиллахаар үүрэг хүлээсэн дуулдана. Тиймээс Ц.Мөнхцэцэгийг БОЭТ-ийн дотрын эмчээр ажиллуулъя. Яагаад болохгүй гэж, тэр хүн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнийг мэргэшүүлэхэд төр, татвар төлөгчдийнхөө хамт мөнгийг нь төлж сургасан бол одоо хариугаа нэхэх бүрэн эрхтэй. Тэгээд ч аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Ц.Мөнхцэцэгийг Эрүүл мэндийн газрын дарга, даамал болгох гэж татвар төлөгчид мөнгөө зарцуулаагүй байлтай. Иймээс Ц.Мөнхцэцэгийг БОЭТ-ийн дотрын эмчээр ажиллуулахад эхний ээлжинд ядаж н.Туяа эмч санаа амар гавьяаныхаа амралтанд гарч Эрдэнэтийн 100 мянган иргэн 13 дугаар маягт, “Аймгийн хэмжээнд Дотрын эмч байхгүй тул манай өвчтөнүүдийг үзэж, оношилж өгнө үү” гэсэн Засаг даргын Д.Батлутын тодорхойлолттой Улаанбаатар явах зовлонгоос ангижрах зам байна. Сангийн яамнаас Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сураад эргэн төлөөгүй иргэдийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. Улсын, татвар төлөгчдийн мөнгөөр дотрын эмч болсон Ц.Мөнхцэцэгийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас чөлөөлж иргэдийнхээ эрх ашгийн өмнөөс эмчээр ажиллуулъя. Тэгээд ч аймгийн Засаг дарга Д.Батлут та дээрх хурал дээр “Ажил хийж чадахгүй бол яваарай, зайлаарай. Та нар юу ч хийхгүй байна, чадахгүй байна” гэж нэлээн бухимдаж хашхирсан. Одоо зүгээр л тайвшир, хажууханд чинь дотрын сайн эмч байна шүү дээ. Ц.Мөнхцэцэгийг даргын ажлаас нь зайлуулчих, явуулчих, БОЭТ-д эмчээр ажиллуулчих, Ингэвэл ямар ч байсан эхний ээлжинд эрдэнэтчүүд ганц ч гэсэн дотрын эмчтэй болно.  Үүний дараа дараагийн алхмаа Эрдэнэтийн хэмжээнд эрдэнэтчүүдтэйгээ ярилцвал ямар вэ.  Уг нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн яамнаас томилоход Засаг дарга Д.Батлуттай зөвшилцдөг. Гэтэл Засаг дарга маань Ц.Мөнхцэцэгийг даргаар томилохоор зөвшилцсөн албан бичигтэйгээ нэг сайн танилцаагүй юм уу эсвэл зүгээр хүчинд автаад  аргагүйн эрхэнд түүнийг дарга болгохыг зөвшөөрчихсөн юм болов уу. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг