Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
Онцлох мэдээ 6 сарын өмнө     56    0
Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д зургаан сарын хугацаатай “Онцгой дэглэм” тогтоосон.  Онцгой дэглэмийн хүрээнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн зүгээс тушаал гаргаж зарим хүнийг түр үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон. Гэтэл энэ тушаал хэн нэгэн эрхмүүдэд таалагдахгүй байгаа бололтой. Бүр сүүлдээ хэвлэл мэдээллээр сэтгүүлчийн үзэл бодол маягаар өнөөх орлон гүйцэтгэгчийг бүгдийг нь 49 хувь буюу “Монголын зэс корпорац”-ийн талынхан гэж ирээд л бичиж байна. Цаашлаад “Х.Бадамсүрэн гэдэг захирал чинь 49 талын хүн юм байна лээ”  хэмээн дүгнэж түүнийгээ батлах гэж оролдож байх шиг. Өнөөдөр энэ том үйлдвэр, энгийн цаг үед ч Онцгой дэглэм тогтоосон хугацаанд ч тасралтгүй, тогтвортой, хэвийн, найдвартай  ажиллах ёстой. Тэгээд ч өнөөдрийг хүртэл энэ зарчмаар ажиллаж ирсэн гэдгийг уурхайчид дэндүү сайн мэднэ. Үйлдвэрийн Хууль эрх зүй, Захиргаа хүний нөөц, Санхүүгийн гээд нэлээн хэдэн хэлтсийн орлогч дарга нарыг Түр үүрэг гүйцэтгэгчээр томилоод байгаа. Түр түүрэг гүйцэтгэгч нар ч Эрдэнэтэд танигдсан, үйлдвэрийнхэний хувьд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхмүүд байдаг. Түүнээс биш 2016 оны долоодугаар сарын 1-нд ирсэн 49 хувийнхны “гар хөл бологчид” биш л дээ. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй эрхмүүд Сэтгүүлч нэрээр зарим нэг хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа нь аргаа барсан үйлдэл гэлтэй. Нэгэнт л Засгийн газар 49 хувийн талаас томилогдсон дарга нарыг нь чөлөөлчихөөд дараа нь тэдний төлөөллийг нүүрийг нь угааж, нөгөө хувцсыг нь өмсүүлж байгаад томилно гэдэг юу л бол. Манай хэвлэл мэдээллийн зарим байгууллага 51, 49 хувийн “зодоон”-ыг ажиглаж байгаад ахиухан амласан талд нь ажиллаж тэнгэрт байгаа сарны өөдөөс ч хуцахад бэлэн яваа нь нууц биш. Зөвийг зөвтгөж чадахгүй болохлоор зөөлөн гэгч нь мэрж байгаа нь тэр. Онцгой дэглэм хэрхэн тогтож байсан, үйлдвэр тэр үед яаж ажилладгийг Эрдэнэтийнхэн харин ч сайн мэднэ. 1998 оны “Намрын халуун өдрүүд” одоо хэр нь мартагдаагүй, харин ч түүх болон үлдсэн. Гэтэл ажил хийж байгаа, ажиллаж байгаа, түр томилогдсон нэгнээ  улаан цайм “49 хувийн талыг баримтлагч” гэж нэрлээд, зарлаад энэ удаагийн холын зайн марафонд нэг их хол гүйхгүй л дээ. Адуу үргэхэд илжиг дэргэнэ гэгчээр 49 хувийн асуудлыг тойрон “дахиад л 49 хувийнхан гараад ирлээ” гэж яаран сандран адгуу гэгч нь хашхирч байгаагаас харвал  тэр нөхөд өөрсдөө албан тушаалд дэндүү шуналтай, хайртай  бололтой. Тэдний захиалгат бичлэгээс харвал үг зүйн хувьд хэлбэржээгүй, өгүүлбэр зүйн хувьд задраагүй тэр[sgmb id="1"] хүн дарга болж чадаагүй уур хилэндээ шатахдаа ингэж хашхирсан байх. Нэг өгүүлбэр нь 67-95 үгтэй, найруулгын хувьд найрагдаагүй тэр нийтлэл яавч сэтгүүлчийн уран бүтээл биш л дээ. Нэг их хол явахгүй сөрсөн базаа хийж байгаа нөхдүүд гудамжинд гараад хашхир л даа. “Бадамсүрэн захирал та 49 хувийн талыг баримтлагчдыг дарга болголоо. Би үүнийг чинь эсэргүүцэж байна” гээд Захиргааны төв байрны өмнө цагаан хоолой бариад нэг сайн орил. Тэгвэл таныг эрдэнэтчүүд ядаж л таньдаг болж магадгүй, яваандаа дарга болохыг ч хэн байг гэхэв. Иргэн Ц.Алтаншагай шиг “Шинэбаатар аа эндээс зайл” гэж хашхирч чадахгүй байж нуугдаж суугаад захиалгаар, мөнгөөр битгий буруу сэвээд бай л даа.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)