Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
Онцлох мэдээ 8 сарын өмнө     71    0
          Аймгийн Засаг даргын шуурхай долоо хоног бүрийн даваа гарагт болдог. Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн байгууллагын удирдлага нь  шуурхайд суух үүрэгтэй. Энэ удаагийн даваа гарагийн шуурхайд аймгийн Засаг дарга Д.Батлут Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Эрдэнэбатыг “эрэн сурвалжилсан” юм. Х.Эрдэнэбат даргын хувьд он гарсаар шуурхайд бараг л суугаагүй. Өдрийн од шиг хаа нэг удаа л үзэгдсэн болов уу. Түүнийг орлож тус газрын дэд дарга Д.Нэргүй шуурхайд сууж харагддаг. Энэ удаад Д.Батлут даргын тэвчээр барагдсан уу, яасан даргыгаа орлож ирсэн Д.Нэргүйгээс “Х.Эрдэнэбат хаачсан юм бэ. Яагаад шуурхайд суухгүй байгаам. Та яв, гар даргыгаа олж ир” хэмээн хөөж гаргав. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалтын баярын бялуунаас томоохон хэрчим хүртсэн хүний нэг нь Х.Эрдэнэбат. Тэрбээр аймгийн МАН-д ямар гавьяа байгуулсан юм бол бүү мэд, ямар ч байсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар дээрээс томилогдож ирсэн том хүн. Эрдэнэтийн жирийн иргэн байтугай аймгийн МАН-ын хорооны хамгийн идэвхтэй гишүүд ч энэ томилгооны учир начрыг одоо хүртэл ойлгоогүй яваа. Аргаа барахдаа түүнийг “Засаг даргатай нэг нутаг юм чинь дарга болчихлоо” гээд л өнгөрсөн. Үнэндээ бол тэрбээр дээрээс томоохон хүний дэмжлэгтэйгээр томилогдож ирсэн нөхдийн нэг л болов уу. . Х.Эрдэнэбат дарга болохоосоо өмнө аймгийн Шүүхэд ажиллаж байсан. Аймгийн Улсын бүртгэлийн газарт ч байсан. Өнгөрсөн жил аймгийн Засаг даргын шуурхай хуралдах үед “өвчтэй” гэж хэлүүлчихээд шуурхай тарах үед машинаа уначихсан давхиж явсан удаатай. Х.Эрдэнэбат даргыг олж ирүүлэхээр орлогчийг нь хөөж явуулсан ч шуурхайн төгсгөлд дарга ч үгүй, орлогч ч үгүй хоцорсон юм, энэ удаад. Ямар сайндаа л Засаг дарга “Эрдэнэбат ч алга орлогч нь ч алга” хэмээн үглэхэв. Намын нэрээр хурган дарга нарын сэнтийд заларсан зарим нэг нөхөр үнэндээ түмний өмнө байгуулсан гавьяа байхгүй ч гэсэн аймгийн Засаг даргын шуурхайд  суух үүрэгтэй. Ажил хийдэггүй, байгаа байхгүй нь мэдэгддэггүй үл үзэгдэх дарга нарт хариуцлага тоооцох цаг болжээ. Суудалд нь салхи оруулах цаг ч ирсэн байж мэднэ. Манай аймгийн ХХҮХ-ийнхэн даргыгаа яаралтай олохгүй бол улсын хэмжээнд эрж хайя, олж авъя.  Ямар ч байсан өнөөдөр Д.Батлут дарга “ Ор сураггүй болсныг чинь бодохоор   Осолдохгүй л зураг л юм даа чи, Эрдэнэбат аа” хэмээ[sgmb id="1"]н дуулсаар үлдлээ. Нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын шуурхайд төрийн байгууллагын удирдлагуудыг суулгах үүрэгтэй албан тушаалтан нь ЗДТГ-ын дарга. Д.Соёлчхүү дарга шуурхайд суудаггүй том гаруудыг хаа явааг нь мэдэх учиртай. Х.Эрдэнэбатыг “эрэн хайх ажиллагаа” ойрхоноос эхлэвэл яасан юм бэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)