АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
Онцлох мэдээ 8 сарын өмнө     69    0
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг намын гишүүдийг гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж, АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна. Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. АН ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн дариу зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АН нь 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ. Л.Болд гишүүний асуудлыг удахгүй шийднэ Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.    -“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар тухайн үед эрх барьж байсан АН-ын удирдлагууд шийдвэр гаргасан байна. Тиймээс та бүхэн намын удирдлагууддаа хариуцлага тооцох уу? -Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд С.Эрдэнэ даргын нэр байгаагүй. Харин Д.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой мэдээлэл байсан. Хэрвээ хариуцлага тооцох ёстой бол хариуцлага тооцно. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын  хуралдааны тэмдэглэлийг ил болгох шийдвэр гаргалаа гэж мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд телевизээр нэвтрүүлэг гарсан. Гэхдээ телевизийн нэвтрүүлэг бүрэн итгэх боломжгүй. АН-ын хувьд гэмт үйлдэл хийсэн бол улс төрийн хамгаалалт байхгүй. -“Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарласныг юу гэж хүлээж авч байна вэ? -Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хууль, шүүх, прокурорын үүргийг бүгдийг хамтад нь гүйцэтгэж байна.  Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсоноосоо хойш 1992 оны хувьчлалыг шалгана, тэрийг шоронд хийнэ, байцаана гэдэг боллоо. Цаашдаа Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргийн чиглэлээр мэргэшиж ажилламаар байгаа бол  АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокуророор тавибал илүү зохихоор харагдаж байна. -УИХ-ын гишүүн Л.Болд албан ёсоор намаасаа гарсан уу? -Л.Болд гишүүний асуудлыг удахгүй шийднэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)