Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
Хотын амьдрал 7 сарын өмнө     56    0
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайн үеэр 70353511 дугаар утсанд иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлт, өргөдлийн талаар танилцуулж асуудлын шийдвэрлэл ямар шатанд явааг тодоруулж нягталдаг. Өнгөрөгч шуурхайн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхцэцэгээс “Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн хүүхдэд вакцины тун хэтрүүлж хийсэн зүйл болсон нь үнэн үү. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас энд танилцуулахгүй шүү” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Албан бус мэдээллээс харвал Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар саяхан хүүхдэд вакцин тариа хийхдээ тунг нь хэтрүүлжээ. Энэ асуудлыг дарга нар олны хэл амнаас зайлсхийхийн тулд “хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал” гэдэг шалтгаанаар дарагдуулж байгаа бололтой. Энэ үйлдэл нь эмнэлгийн ажилтаны цэвэр хариуцлага алдсан үйлдэл гэж хэн ч хэлнэ. Хариуцсан ажилдаа хайнга хандаж, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц үйлдэл гаргасан ажилтан, түүний харьяалагддаг Өрхийн эрүүл мэндийн удирдлагын эрхийг хамгаалах байтугай олон нийтэд мэдээлж, хариуцлага тооцох ёстой. Харин эрүүл мэндээрээ хохирсон байж болох хүүхдийн эцэг эх, хүүхдийн хувь хүний нэр төртэй холбоотой учир мэдээлэлийг нууцлах үүрэгтэй. Вакцины тун хэтрүүлснээс хүүхэд насан туршдаа эмгэгтэй, өвчтэй нэгэн болж, гэр бүлийн амьдрал яаж орвонгоороо эргэдэгийг монголчууд дэндүү сайн мэднэ. Шат шатандаа төрийн албан хаагчид сахилга хариуцлагаа дээшлүүлье гэж Ерөнхий сайд нь хоолойгоо сөөтөл ярьж байхад, дарга сэтэртнүүд нь хүний эрүүл мэндтэй холбоотой хариуцлага алдсан асуудлыг “хүний нэр хүндтэй холбоотой” гэдэг шалтгаанаар  хамгаалаад сууж байгааг ойлгоход бэрхтэй. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)