Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлсэн тэмдэглэлийг нууцаас гаргалаа
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     93    0
Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацад шилжүүлсэн тэмдэглэлийг нууцаас гаргасан талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2016 оны Засгийн газрын хуралдааны 32 дугаар тэмдэглэл буюу “Эрдэнэт” үйлдвэр болон Монголросцветметийн талаар авсан зарим арга хэмжээний тухай гэсэн тэмдэглэлийг нууцаас гаргаж байгаа. Энэ тэмдэглэлийг нууцаас гаргах болсон хэд хэдэн учир шалтгаан бий" гэв. Мөн үргэлжлүүлэн "2016 оны Засгийн газрын хаалттай хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацад худалдах танилцуулга хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон захирал, “Монголын зэс” корпорацыг төлөөлж Д.Эрдэнэбилэг нар өмчлөлийн хувьд Худалдаа хөгжлийн банк оролцож байгаа гэдгийг илэрхийлсэн. Энэ хуралд О.Орхон, М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар оролцсон. Энэ хуралдааны тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байлгаад байсан. Энэ УИХ бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээсээ хойш 23 дугаар тогтоолоор өмнөх бүрэн эрхийн хугацааныхаа Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. Улмаар Монголбанк, Хөгжлийн банкнаас авсан хөрөнгийн эх үүсвэрийг нягтлаад төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Засгийн газрын долдугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг суутган тооцох замаар төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Энэ тогтоолыг Цэц хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчилгүй гэж үзсэн. Гэтэл “Монголын зэс” корпорац Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүх дээр ялалт байгуулсан. Яагаад ялагдсан бэ гэхээр Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс” корпорац хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд биш гэж үзсэн. Харин өнөөдрийн нууцаас гаргаж байгаа тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банк, “Монгол зэс” корпорац хоёр нь санхүүгийн болон удирдлагын хувьд хоорондоо холбоотой гэдгийг О.Орхон захирал хэлсэн байгаа. Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл нь санхүүжилтийн схем. Санхүүгийнх нь эх үүсвэртэй холбоотой материалыг ҮБАЗ-д танилцуулах гэж байгаа. ҮАБЗ одоо удахгүй хуралдана. Санхүүгийн схем нь үнэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг шалгах үүрэг нь хууль хяналтын байгууллагад бий. Захиргааны хэргийн шүүх дээр байгаа хоёр шүүгчийн нэг нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хүн. Үүнийг бид авлигалын хэрэг гэж үзэж байгаа. Тэр шүүгчийг яагаад заавал Худалдаа хөгжлийн банк, “Монгол зэс”-тэй холбоотой асуудалд оруулдаг юм бэ. АТГ-т хандаж ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлуулна. Нөгөө талаар Стандарт банктай холбоотой асуудал сөхөгдөж байна. Албаар ялагдах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй материалууд гарч ирж байна.Холбогдох удирдлагууд нь материалаа яагаад арбитрын шүүхэд гаргаж өгдөггүй юм бэ. Нөгөө талаар Монголбанкны ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэдэг нь тогтоогдох магадлалтай байгаа. Учир нь Монголбанк хэзээ ч аж ахуй нэгж рүү зээл гаргах эрхгүй байдаг. Иймд QSC хэмээх Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал. Яагаад өрийн бичиг бичиж, 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд, 2016 оны дөрөвдүгээр сарын 06-нд 200 тэрбум өгөв өө гэдгийг зайлшгүй шалгах ёстой болж байна. Гэтэл энэ талаар өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт аваагүй байдаг юм” гэлээ. Эх сурвалж: "Medee.mn"[sgmb id="1"]