С.Ариун-Эрдэнийн “Энгэрийн цэцэг” Мартын 8-нд бүсгүйчүүдийн энгэрт дэлбээлнэ
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     117    0
           “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ анхны бие даасан уран бүтээлийн “Энгэрийн цэцэг” тоглолт гуравдугаар сарын 8-нд “Уурхайчин” соёлын ордонд болох гэж байна. Тэрбээр анхны уран бүтээлийн тоглолтоо зүгээр ч нэг “Энгэрийн цэцэг” гээд санамсаргүй нэрлэчихсэн биш гэнэ. Одоогоос зургаан жилийн өмнө түмний сонорын мялаасан “Энгэрийн цэцэг” дуу нь түүний ээждээ зориулсан уран бүтээлийнх нь нэг аж. Энэ удаад тэрбээр уран бүтээлийн тоглолт дээрээ энэ дуугаа охинтойгоо хамтран дуулж үзэгчиддээ бэлэг барих ажээ.  Түүний уран бүтээлийн тоглолт үзэгчдийн хувьд гэнэтийн бэлэг дүүрэн байх гэнэ. Тухайлбал, Барилгын цэргийн Ерөнхий газрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан түүний аав Сампилдондов охиныхоо уран бүтээлийн тоглолтын үеэр өөрийн авьяасаа үзүүлэх юм байна. Соёлын тэргүүний ажилтан С.Ариун-Эрдэнэ  энэ удаад “Морин хуур 2019” улсын уралдаанд амжилттай оролцож байна. Түүний хувьд 32 дахь жилдээ зохиогдож байгаа  “Морин хуур” наадамд Намсрайжавын Батжаргалын шүлэг Баатарын Цэрэндондовын хөгжим “Амьдрал жаргалтай” уран бүтээлээрээ оролцож шалгаран гуравдугаар сарын 2-нд болох Гала тоглолтод оролцохоор болжээ. 2019 оны “Морин хуур” наадамд 100 гаруй дуу өрсөлдсөнөөс Эрдэнэтийн Ариун-Эрдэнэ “Амьдрал жаргалтай” дуугаараа  “Морин хуур” наадмыг ийнхүү өнгөлж байна. Эрдэнэтчүүд түүнийг сайн дуучин гэдгээс гадна сайн жүжигчин гэдгээр нь ч илүүтэй мэднэ. Тэрбээр Хөгжимт драмын “Бөртэ хатан”, “Ану хатан” дуурийн Ану хатан, “Есүхэй” дуурийн Сочигэл хатан, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа нарын дүрийг тайзнаа амилуулж байсан уран бүтээлч юм. [sgmb id="1"]