Д.Соёлчхүүгийн “Прадо 150”-ыг Малчин багийн Засаг даргад өгье
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     93    0
Уншигч та бүхэн энэ машинтай танилц. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн шинэ унаа.  2018 оны эцсээр Д.Соёлчхүү дарга татвар төлөгчдийн 100 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэж эхэндээ дуулдаж байлаа. Явцын дунд энэхүү “Прадо 150” автомашиныг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авсан тухай ч яриа хөөрөө гарсан. Ингэхэд Д.Соёлхүү дарга Эрдэнэт хотын төв дотор заавал “Прадо 150” автомашин унах зайлшгүй шаардлагатай юу. Үнэндээ байхгүй л дээ. Түүний хувьд ямбалах гэж, аймгийн ЗДТГ-ын дарга нэрэндээ багтах гэж, эрдэнэтчүүдэд аархсандаа татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан гэж хэлвэл хаана ч буруудахгүй. Дарга энэ хугацаанд явган таваргасангүй. ОРА 0003 улсын дугаартай жижиг тэргийг албаны хэрэгцээндээ унаж байсан. Харин Д.Соёлчхүү дарга саяхнаас цагаан сарын өмнөхөн хурдтай, хүчтэй, дор хаяж А-98 автобензин хэрэглэдэг “Прадо 150” автомашинаа олны өмнө ил гаргасан. Үнэндээ түүнээс өмнө машинаа унах гэхлээр цагаан хэл ам дайрчих гээд голдуу шөнөөр, хөдөө гадаа, нийслэл рүү явахдаа хүлэглэдэг байсан бол ийнхүү цагаан сартай давхцуулан цайрсан байна. 2019 оны аймгийн төсөвт тусгаснаар манай аймгийн дарга нар 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах гэж байгаа тухай бид баримтад түшиглэн уншигчиддаа хүргэсэн.  Аймгийн ИТХ-ын хуралдаан өнөөдөр болж байгаа. Энэ хуралдаанаар төсвийн зарцуулалтын зарим зүйл заалтад өөрчлөлт оруулахаар тогтсон аж. Өөрөөр хэлбэл, дээрх 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах хөрөнгөний тэн хагасаас илүүг өөр зүйлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэж асуудлыг шийдсэнтэй адил Д.Соёлчхүү даргын “Прадо 150”-ыг Жаргалант сумын Малчин багийн Засаг даргад өгвөл яасан юм бэ. Багийн Засаг дарга хүн аймгийн ЗДТГ-ын даргыг бодвол хөдөө явах нь их, цас зуд, бороо шороо гээд байгалийн бэрхшээлтэй үед явган нүцгэн хөдөө гадаа явдаг. Яг энэ үед ийм хүчтэй машин түүнд хэрэг болно. Яадгийм, Орхон аймгийн Жаргалант сумын Малчин багийн Засаг дарга нь албан хэрэгцээндээ “Прадо-150” машин унадаг гээд Монгол орон даяар шуугиг л дээ. Эрдэнэт уулын буян байна. Хөдөөгийн ганц сумын багийн Засаг даргадаа авч өгсөн гээд нүүр бардам сууя. Яагаад болохгүй гэж.