Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
Онцлох мэдээ 8 сарын өмнө     52    0
              Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шинэ оны анхны зөвлөгөөний ирцээс харвал манай аймгийн төрийн байгууллагын дарга нарын шинэ жил дуусаагүй бололтой. Аймгийн Засаг дарга Д.Батлут, түүний орлогч А.Түвшинжаргал нар албан томилолттой байгаа ажээ. Шуурхайг Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулав. Шинэ оны анхны шуурхайд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар харилцан тохиролцоод хичээлээ тасалсан дунд сургуулийн сурагчид шиг нэг нь ч байхгүй орны хүмүүсээ илгээсэн байна. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль, эрх  зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хотын захирагчийн алба, Цэргийн штаб, Статистикийн хэлтсийн нэр бүхий дарга нар эзгүй байгаа гэнэ. Тэд өвчтэй, чөлөөтэй эсэхийг шуурхайн ирцэнд ч нэг их тооцсонгүй. Энэ бүхнээс харвал манай аймгийн ЗДТГ-т хэлтсийн дарга нарын орон тоо, тэр бүү хэл тэдний ач холбогдол нэг их үнэд хүрэхгүй  байгаа бололтой. Тэдэнгүйгээр төрийн ажил явж болдгийг өнөөдрийн шуурхай харуулж байгаа юм чинь хэлтсийн дарга нарын орон тоог татан буулгавал татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгө хөрөнгө хэмнэгдэнэ дээ. Дээр нь аймгийн Засаг даргын шуурхайд алдаг оног суудаг нэр бүхий хэдэн хурган дарга бий. Үүний нэг нь Г.Эрдэнэбат, М.Чулуунзагд нар. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Орхон аймгийн салбарын дарга Г.Эрдэнэбатыг байгууллагын ажилчид нь гэлтгүй аймгийн ИТХ-д сонгосон төлөөлөгчид нь ч гэгээн дүрийг нь хараагүй удаж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн тааллаар аймгийн Засаг даргын шуурхайд суудаг. Шинэ оны анхны шуурхайд тэрбээр алба, амины аль алиных нь ажил их байсан учраас ирээгүй бололтой. Сэлэнгэ голын сав газрын захиргаа гэж нэг газар байх. Дарга нь М.Чулуунзагд. Тэрбээр өнгөрөгч 2018 оны хувьд аймгийн Засаг даргын шуурхайд “Гол усны тооллого хийж байгаа” нэрээр бараг л суугаагүй. Гол усыг явган явж тоолоогүй л байлтай. Энэ удаад ч мөн тэрбээр “голын мөс тоолох” ажлаар явсан уу яасан ямар ч байсан шуурхайд оролцсонгүй. Ер аймгийн  Засаг даргын шуурхайд заавал суух ёстой байгууллагын дарга нарын ирцийн мэдээллийг ард түмэнд сар, улирал, жилээр нь гаргаж харуулмаар байна, Д.Соёлчхүү дарга аа. Ард түмний дунд нэг их төрийн том ажилтай дарга л сэвээд байдаг болохоос үнэн хэрэгтээ хувь, хувьсгалын ажлаа амжуулаад долоо хоногт ганц удаа болдог аймгийн Засаг даргын шуурхайд ирж чаддаггүй дарга нараар яах юм бэ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг