Сэтгэлийн зул: Аав минь үр хүүхэд бидэндээ эргэн ирэх болтугай
Хотын амьдрал 5 жилийн өмнө     33    0
Амьдралын ачааг нуруундаа хар нялхаасаа үүрч, олон дүү нар, дараа нь мөн л олон хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэсэн наян нас гарсан өвгөн буурал аав минь гэнэт нэг өдөр биднээсээ харвачихлаа. Аавыгаа өндөр настай ч үргэлж л дэргэд минь байх юм шиг санаж явсан үр хүүхэд бидний ухаан юутай богино, юутай ахархан билээ дээ. Наадмын дараахан 16-ны бороо шивэрсэн зэврүүхэн өглөө аав минь үр, ач хүүхдүүддээ дагуулаад Булганы Хунтын рашаанд явах гэж таван машин ар араасаа цувралдан гарах тэр үед хүргэн хүүгийнхээ машины урд тухлан сууж, хөлөндөө халуун савтай цайгаа хийчихээд, хамар руугаа тамхи чимхлэн суусан аав минь биднийг түрүүлээд явж байя гэхэд, толгой дохиод хоцорсон тэр дүр төрх нь миний уулзсан хамгийн сүүлийн мөч байхыг би яаж мэдэх билээ. Аавын минь сууж явсан машины чанх урдаас улаан галзуу мэт цагаан машин урдахиа гүйцэж түрүүлэхдээ хэтэрхий хурдаа эргүүлж дийлэхгүйгээр галзуу хурдаар ирж мөргөхдөө бидний хамгийн хайртай хүнийг минь эргэж ирэхгүйгээр бурханы оронд аваад явчихсан юм. Ийм л хэлж барахгүй гай зовлон дагуулагч 21 настай өндөр хар залуу эмнэлгийн үүдэн дээр хүний нүүр харж чадахгүй бөртөлзөж суугаа нь одоо ч миний нүдэнд харагдсаар байгаа ч царай төрх нь ер санаанд орохгүй юм. Ямар муухай эрлэгийн хар элч, аавыг минь биднээс аваад явчихав даа. Осол Хабитатаас Булган руу явдаг зам дээр гарсан. Энэ зам дээр өмнө нь хоёр ч хүн амиа алдсан, гүйдэлтэй газар гэлцэх юм. Машинд явсан нэг гэр бүлийн дөрвөн амь, охинтойгоо явсан ач охин гээд зургаан хүний халуун амийг аав минь амиараа хаасан даа. Жолооч хүүгийн сүүжний яс цуурч, бусад хүүхдүүд нүүр, хөмсөг нь задарч, гэмтэцгээхэд, тэр эрлэгийн элч жолооч 120 милл хурдтай гүйцэж түрүүлж, замын голын цагаан зураасыг давж, 40 милл хурдтай явсан машиныг ямар аймшигтай хурдаар мөргөсөн бэ гэдэг нь тодорхой. Хорвоогийн бор өдрүүд өнгөрсөөр, өнөөдөр аавын минь 21 хоног өнгөрч байна. Аав минь 18, ээж минь 16 настай анх нийлж, найман хүүхэд төрүүлж өсгөхдөө орсон ч гарсан ч хамт байсан хоёр буурай минь нэгнийгээ орхиод явчих юм даа. Эцсийн амьсгалаа татсан хөгшнийгөө “Босооч ээ, босооч, арай үгүй байлгүй дээ, сэргэнэ биз дээ” гэж эхэр татсан ээжийн минь үг бидний зүрхийг зүсч байсан юм. Сайхан буянтай, өндөр настай хүнийг үгүй хийчихээд, ажил явдлых нь үеэр эрлэгийн элч жолооч залууг хүрээд ирэх байлгүй гэж харсан ч бараа нь ч харагдаагүй, бид ямар гээчийн хар дотортой, өөдгүй, хүний оронцогтой таараа вэ. Ослын дүгнэлтээр цаад жолоочийн 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, хүний амь нас хохирсон гэсэн дүгнэлтийг бидэнд танилцуулсан ч маадайтал алхаад, инээж хөхрөөд, үр ачаа тойруулчихаад амттан тараадаг аав минь, буурай аав нь эргэж хэзээ ч ирэхгүй шүү дээ. Анчинхүү нэртэй уужуухан байрын мөрдөн байцаагч залуу хэргийг мөрдөх явцад манай талд хүндэтгэлтэй хандсанд бид талархаж байна. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтээр сүүжний яс нь цуурч, хөл дээрээ зогсож чадахгүй байгаа, гурван сар хөдөлгөөнгүй хэвтэх дэглэм сахихыг эмч нар зөвлөсөн жолооч дүүгийн минь гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний алба “хөнгөн гэмтэл” гаргасан нь харамсалтай байна. Хөгшин буурал өвөөгөө алдчихаад, зээлээр авсан машин нь сэг болчихсон, гэрийн эзэн нь хэвтэрт орсон нэгэн залуу гэр бүлийн амьдрал хэцүүхэн л харагдана. Миний аав Аварзэдийн Мижиддорж Завхан аймгийн Алдархаан сумын харьяат. Эрдэнэтэд 1974 онд ирж, Эрдэнэт үйлдвэрийн анхны ээлжийг барьж байгуулсан гавьяагаараа “Засгийн газрын Хүндэт жуух бичиг” хүртэж явсан Эрдэнэтийн анхдагчийн нэг юм. Илгээлтийн эздийн нэр дотор аавын минь нэр байхгүй, янз бүрийн уулзалт зөвлөгөөн, тэтгэлэгээс хоцорчихно. “Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд ажиллаж байгаад, тэтгэвэрт гарсныг минь, анх илгээлтээр ирээд эднийд бүртгэлтэйг гэрчлэх хүн ч одоо байхгүй болж дээ. Бүгдээрээ л бурханы оронд явчихаж” гэж аав минь тоглоом шоглоомоор ярьдагч цаанаа л гунигтай байсан. МАХН-ын төлөө, үзэл бодлынхоо төлөө тууштай дэмжигч, хурцхан шүүмжлэгч, алиа хошин үгтэй, техникийн сэтгэлгээтэй, шинийг санаачлагч, оюун ухааны дээд оргил байсан даа, миний аав. Зах зээл эхэлж байх үед аав минь савангийн цех байгуулж, хийсэн бараагаа хөдөөгүүр явж борлуулдаг. Би оюутан байсан үе. Амралтын өдөр гэртээ хүрээд ирнэ, төмөр улаан авдраар дүүрэн задгай мөнгө байдаг сан. Хүүхэд байхад аавынхаа мотоциклийн ард сууж, салхи татуулан давхисан, жалга руу гэнэт ороход амьсгал давхцаад, хахаж цацан инээж хөөрсөн миний аавынхаа дэргэд өнгөрүүлсэн дүр зургууд ар араасаа хөвөрч нүдэнд харагдаад. Есдүгээр ангийн зуны амралтаар өндөр настны хоршоонд аавыгаа дагаж ажил хийж, анхны цалингаа авч байсан үе сэтгэлд уяатай дурсамжууд хөвөрсөөр. “Ажил ихтэй” гэж хааяахан ирэхдээ аав ээждээ томорч явахдаа, ганц удаа ч хийж байгаа ажлаа харуулаад, аавыгаа ажил дээгүүрээ дагуулаад ирэхгүй яав даа. Хамгийн үнэтэй, сайхан хоолтой реосторанд аавыгаа оруулахгүй яав даа, хамгийн сүүлд хэзээ амттан чихэр авч өгсөн билээ дээ гэж харамсал, бодол тасрахгүй зовоох юм. Өнгөтэй, мөнгөтэй энэ орчлонд нүд гялалзаж яваа цагт аав, ээжийгээ цаг үргэлж баярлуулж явах шиг  сайхан зүйл байдаггүй юм байна. Хожим хойно нь тэгэх минь яалаа гэж харамсах шиг шаналал үгүй юм байна. Бидэнд ээж минь байгаа ч “Хөөрхий дөө аав минь” гэсэн харуусал сэтгэл зовоосоор л. Аав минь миний сэтгүүлчийн ажлыг ойлгож, ганц дэмждэг миний дэмжигч байлаа. “Дарга нарыг сайн шүүмжилж бичих чинь чиний үүрэг юм байгаа биз дээ, цаад нөхөд чинь газарт буухгүй хөөрч явахад нь шоронд оруулахгүй байхыг  та нар л хийнэ шүү дээ” гэж сэтгүүлчийн хөдөлмөрийг товчхон илэрхийлдэг сэн. Би аавдаа ажлынхаа талаар бүгдийг нь ярина. Аав минь ч намайг зоригжуулдаг, хүч өгдөг байлаа. “Хотын шуудан” сонинг минь нямбайлан эвхээд, шүүгээндээ хийчихээд, “Танай сонин ч хүчтэй болжээ. Хүнийг гүтгэж л болохгүй шүү” гэж захидаг сан. Би аавынхаа сэтгэлийн дэмээр сэтгүүлчийн ажлыг хийж яваа, аавдаа туньдаг эрх жаахан охин нь байлаа. Харин охин нь чаддагаараа аавдаа “үгэн хөшөө” босгож байна даа. Хар багаасаа ханилсан хань нь, зургаан охин нь өглөө бүхэн цайны дээжээ хөдөөлүүлсэн газар руу нь өргөж, үдэш бүхэн зул өргөн гуниг чилээж, нулимсаа залгилж суугаа. Хоёр сайхан хүү нь дотроо уйлж явна. Хүний хорвоод энэ биеийг минь төрүүлж өсгөсөн аав минь үр хүүхэд бидэндээ эргэн ирэх болтугай. Ум сайн амгалан болох болтугай.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг