Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
Онцлох мэдээ 7 сарын өмнө     22    0
Данзангийн Соёлчхүү даргатай аймгийн Засаг даргын Тамгын газрынхан татвар төлөгчдийн мөнгөнд даанч нэг хайр гамгүй хандах юм.Эрдэнэтийн мянга мянган татвар төлөгчдийн мөнгийг өөрийнхөө юм шиг сэтгэж үрэн таран хийхийг юман чинээ боддоггүй эдний үйлдийг хараад өөрийн эрхгүй “үзэг цаас” нийлүүлсэн минь энэ.  Хэдхэн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 11-нд бид “Эрдэнэт хотын өдөр”-ийг нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Гурав дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байгаа энэ үед аймгийн ЗДТГ-ын зарим нэг албан тушаалтан өөрийнхөө цахим хуудсандаа “Эрдэнэт хотын түүхэнд анх удаагаа” гэж ирээд л “Эрдэнэт хотын өдөр”-ийг улстөржүүлж, улмаар өмчилсөн байр сууринаас хандаж байх юм. 2016 онд аймаг, орон нутгийн удирдаж байсан Б.Мягмарсүрэн, С.Дангаасүрэн нарын үед энэ өдөр эрдэнэтчүүдийнх байх ёстой хэмээн санаачилж улмаар аймгийн ИТХ-ын тогтоол гарган тэмдэглэснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм, уг нь. Энэ ч дүүрч. Өнөө жил аймгийн ЗДТГ-аас “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахдаа дарга нарт зориулсан урилгыг ёстой мөнгөөр зодож байгаад хийлгэжээ. Ингэхэд дарга нар аливаа арга хэмжээнд заавал урилгаар заларч ирдэг байх ёстой юм гэж үү. Урилгаар заларч ирээд урдуур дайрч байгаад зочдын ширээн дээр заларна. Уншигч та бүхнээ харуулж байгаа энэхүү урилгыг нэг ширхийг нь бараг нэлээн үнэтэй хэвлүүлсэн бололтой. Түүнийгээ аймгийн хэмжээнд байдаг дарга сэтэртэй бүхэнд тарааж байгаа аж. Дээр нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч эрхмүүдэд тараана. Аймгийн ИТХ-ын 33, Баян-Өндөр, Жаргалантын 50 шахам төлөөлөгч, нийлээд 80 гаруй хүнд хүргүүлнэ. Нэмээд төр, төсвийн байгууллагын дарга, үйлдвэрийн захирлуудаас эхлээд дарга нэртэй бүхнийг тооцвол 200 шахам хүнд урилга тарааж байгаа гэнэ. Үүнийг хэвлүүлэхэд нэлээн хэдэн сая төгрөг зарж байгаа бололтой. Энэ мөнгө бол уг нь татвар төлөгчдийн л мөнгө. Түүнээс биш хэн нэгэн даргын, ИТХ-ын төлөөлөгчийн мөнгө биш л дээ. Ер нь ч тэгээд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, байгууллагын дарга нар “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд заавал урилгаар залагдах ёстой юм гэж үү. Аймаг, сумын сонгуулийн үеэр “Иргэн таны төлөө морь нохой мэт гүйе” гэж ирээд л сонгогчын саналыг царайчилж явсанаа санах хэрэгтэй болов уу. Түүнийгээ мартаад маргааш нь бүгд дарга болчихоод урилгаар залрах гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Та бүхэнд зориулж тараасан урилганы үнэд хэдэн төгрөг зарцуулсаныг  ч Эрдэнэтийн жирийн иргэн мэдэх эрхтэй. Хатуу цаасан гэртэй, арга хэмжээний хөтөлбөр бүхий хоёр ч “урилга”-ыг хэвлүүлэхэд үнэхээр багагүй хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан болов уу. Саяхан даа, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай ярилцаж байхад “Манай Эрдэнэтэд өнгөт хэвлэлийн үнэ өртөг дэндүү үнэтэй. Улаанбаатарт 500 төгрөгөөр  хэвлэгддэг зүйл энд 2000 төгрөгийн үнэтэй байдаг” гэж ирээд л шогширч байсан. Энэ бүхнээс харвал энэ удаагийн дарга нарт зориулсан урилга ямар их үнээр хэвлэгдсэн бол. Үүнээс хойш аливаа арга хэмжээнд дарга нарт зориулж урилга хэвлүүлэх шаардлага байна уу. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, байгууллагын дарга нар чинь “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд урилгатай урилгагүй хүрэлцэн ирэх үүрэгтэй юм биш үү. Урилгагүйгэр хүрэлцэн ирээд эрдэнэтчүүддээ хүндэтгэл үзүүлэх учиртай л баймаар, эрүүлээр сэтгэвэл.  Иргэд сонгогчид та бүхнийг Эрдэнэт хот Орхон аймгийн төлөө оюун ухаанаа уралдуулан ажиллаач гэсэн болохоос “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хурал, урлагийн тоглолт, бөхийн барилдааныг урилгаар ирж үзэн таалж, хүндэт зочдын суудалд залар гэж сонгоогүй юм шүү. Энэхүү хурган дарга нарт урилга тараасны оронд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын төлөө халуун залуу насаа зориулсан, хотын захад амьдардаг иргэн Дорж, Сүрэн нарыг урилгаар ирж оролцуулбал мөн ч их баярлана даа, Соёлчхүү дарга аа. Тэгээд ч таньд захихад Татвар  төлөгчдийн мөнгө гэж байдгаас биш дарга нарын, төрийн  мөнгө гэж байдаггүй юм шүү гэдгийг дахин нэг сануулъя.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг