Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     52    0
[sgmb id="1"] Аймгийн Музейд Айргийн гозгорын олдворын үзэсгэлэн нээгдлээ. Орхон аймгийн Жаргалант суманд Айргийн гозгор гэдэг түүхийн дурсгалт газрын талаар анх 2008 оноос ярьж эхэлсэн. Таван жилийн хугацаанд буюу 2008-2014 онд 112 булшнаас 16-д нь малтлага, судалгаа хийсэн байдаг. Энэ түүхэн дурсгал нь Өвөр Монголын нутгаас олдсон Сяньби нарын оршуулгын зан үйлтэй адилхан палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд Хүннү болон Сяньби нартай төстэй гэж судлаачид үзсэн байдаг. Сяньби нарын талаар олон улсын археологичид, судлаачид урьд өмнө их хэмжээний мэдээлэл олж байгаагүй. Айргийн гозгорын олдвор бол Монголыг дэлхийд таниулах, Монгол орны түүхийн дурсгал, олон зуун жилийн түүхийн гэрч  юм гэдгийг харуулах үүднээс орон нутгаас дэмжиж ирсэн байна.   Булшнуудаас гарсан олдвор, хэрэглэгдэхүүнийг Японы эрдэмтэд сэргээн засварлахдаа бэхжүүлж тал хээрийн бүсээс олдсон эд зүйлсийг сэргээн засварлахад сахарын уусмалын аргыг  Монголд туршсан нь үр дүн үзүүлсэн. Малтлага судалгааны үеэр Америкийн Калифорни мужийн их сургуулийн багш, доктор, антроплогич Кристине Лее булшнаас олдсон хүний ясанд судалгаа хийсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Ардын их сургуулиас хамтран санхүүжүүлж, тус сургуулийн докторант Төрбаяр тэргүүтэй баг ажиллаж, олон улсын төвшинд төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын хүрээлэнгийн археологич, Хүннү судлаач эрдэмтэн судлаачид, Улан-Үдэ хотын Монгол-Төвд судлалын хүрээлэн зэрэг гадны судлаачид оролцсон нь Айргийн гозгорыг дэлхий сонирхож байгааг илтгэж байгааг судлаачид онцолсон байдаг. Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байжээ. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас ялгагдах зүйлгүй байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)