Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
Онцлох мэдээ 10 сарын өмнө     59    0
[sgmb id="1"] *** Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар  39 мянга 402.78 га бэлчээрт 130 мянга 539 толгой мал тоологджээ. Үүнийг бэлчээрийн газрын төлөв байдлын фотомониторингийн аргаар үнэлж үзэхэд нийт бэлчээрийн 80 гаруй хувьд даац нь 4 дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна. Хүн ам ихээр төвлөрсөн, дэд бүтэц сайтай  томоохон суурин газрыг бараадан  малчин өрхүүд ихээр ирж зусаж, намарждаг нь бэлчээрийн даац хэтрэх үндсэн шалтгаан болжээ. *** Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар”-ын даргын 2015 оны А/105 тоот тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт” төсөлтэй хамтран Баян-Өндөр суманд хоёр, Жаргалантад таван фото мониторингийн байнгын ажиглалтын сүлжээний цэгийг байгуулж, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. *** Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллээс харвал 2018 онд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлэн явуулж өмнө нь эзэмшиж байсан газраа өмчилж авахыг хүссэн 544 иргэнд 39.52 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ өссөн дүнгээр 19252 иргэнд 1478.55 га газрыг өмчлүүлсэн байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн амын  18.93 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлөн авч хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байна. Аймгийн хэмжээнд газар өмчилж авсан иргэдийн 91.2 хувь буюу 17572 иргэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд газраа бүртгүүлж, өөрийн өмчийн газрыг захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхээ баталгаажуулсан байна. *** 2018 онд Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар Цагаанчулуут, Уртбулаг багуудад 2.7 га, сургуулийн зориулалтаар Цагаанчулуут, Эрдэнэ багт 4.7 га газрыг харьяалах байгууллагад нь эзэмшүүлж, баталгаажуулсан байна. Мөн төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан Наран, Эрдэнэ, Дэнж багуудын нутаг дэвсгэрийн 13 байршилд 3.56 га, дэд бүтцийн зориулалтаар 99 байршилд 4.21 га газрыг тус тус аймгийн Засаг даргын захирамжаар харьяалах байгууллагад нь эзэмшүүлж, баталгаажуулжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)