Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     52    0
Нутгийн удирдлагын ордноор хоёр өдөр орж гарлаа. Үнэндээ хүн тохитой суугаад ажлаа хийх ямар ч боломж алга. Ялангуяа, нэг хоёрдугаар давхарт чөтгөр тогтохын аргагүй хүйтэн гэх нь хаашаа юм бэ,  сууж байгаад хүнээс 20 минут яриа авахад ар нуруу руу хүйт дааж байна. Өнгөрсөн жил арай ч ийм байгаагүй. Тэнд сууж байгаа ажилтнууд цагаа бүртгүүлж цалин авдаг учраас хүйтэн “зоорь”-ноос гараад гүйчихэж чадахгүй орж гараад, дэмий нэг цайны газарт орж хошуугаа бүлээсгэхийн тулд халуун аарц, цай оочилсон шигээ цаг өнгөрөөж байна. Харин дарга нар бол дуртай үедээ орж гарна, цагаа бүртгүүлдэггүй учраас тэр. Ер нь дан ганц Нутгийн удирдлагын ордон гэлтгүй тав, зургаа, дөрөвдүгээр хороолын зарим байрны халаалт тун тааруу байгааг гудамжинд таарсан иргэн гэлтгүй сургуулийн сурагчид ч өвөр зуураа хуучилж байна. Харин  ч энэ өвөл манай хот өмнөхийг бодвол харьцангуй дулаан байлаа. Цасгүй, цочир хүйтрээгүй ийм нөхцөлд ингэтлээ даарч байгаа нь цахим сүлжээнд жиргэгчдийн хувьд буруутан нь шинэ цагийн улстөрчид, хурган дарга нар болж байгаа аж. Цахимаар гарч байгаа зарим нэг мэдээллээс харвал “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад сонгуулийн дараагаар намын шахаагаар дарга, инженерүүд дээрээс томилогдон ирсэн. Тэд ажлаа мэдэхгүй  учраас халаалт ийм боллоо” хэмээн улстөржүүлсэн байдлаар тайлбар хийж байна. Эрдэнэтийн дулааны станцын зарим нэг албан бус тайлбараас харвал эдний үйлдвэрлэсэн дулааныг иргэдэд түгээж байгаа түгээх байгууллагуудад, тэр сүлжээнд асуудал байгаа учраас иргэд зутруухан өвөлжиж байна гэсэн бие биерүүгээ чихсэн мэргэжлийн тайлбар энд тэндээс дуулдаж эхэллээ. Хоёр хоногийн дараагаас манай нутгаар цас орж хүйтний эрч нэмэгдэх талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Үүнээс өмнө доголдоод байгаа халаалтын талаар хариулт өгөх байгууллага, анхаарч үзэх албан тушаалтан манай аймагт байна уу. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)