315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     96    0
[sgmb id="1"]           Манай аймагт баригдаж байгаа ТОСК-ийн 315 айлын барилга иргэдийн дунд хүлээлт үүсгээд удаж байна. Харин энэ жилийн хувьд Засгийн газраас шийдвэр гарган Хөгжлийн банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр барилгын ажил энэ зун үргэлжилсэн. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ТОСК-ийн барилгыг аравдугаар сарын 31-нд хүлээн авна гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа. Инженерийн шугам сүлжээний зарим холболт хийх хөрөнгө мөнгөний асуудлыг холбогдох яамны зүгээс саяхан шийдвэрлэснээр энэхүү ТОСК-ийн барилга оноос өмнө ашиглалтад орохоор болжээ. Ингэснээр Эрдэнэтийн 315 айл, өрх ТОСК-ийн байранд түрээсээр амьдрах боломж бүрдэх байсан юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Төрийн өмчит ХХК болгон өөрчиллөх шийдвэр гаргасан.. Ингэснээр  хариуцлага, хяналтын тогтолцоо, менежментийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзжээ. ХХК болсноор  ТОСК нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй /ТУЗ/-тэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн улмаас түрээсийн байранд орох гэсэн иргэдийн өргөдлийг хүлээн авах ажлыг зогсоожээ. ТОСК-ийн ТУЗ байгуулагдан улмаар дүрэм, журмандаа өөрчлөлт оруулж үүний дараа манай аймагт баригдсан 315 айлын орон сууцны хэдийг нь түрээсээр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх юм байна. Нөгөө талдаа ТОСК-ийг удирдаж байсан өмнөх нөхдийн хариуцлагагүйн балгаас болж энэ байгууллага их хэмжээний өрөнд ороод байгаа аж. “Төрийн өмчит орон сууцны корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж  ТОСК нь 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болжээ.