Эрдэнэтийн залууст урам зоригийн, эр зоригийн онгоц “бэлэглэв”
Хотын амьдрал 1 жилийн өмнө     59    0
“Nest Academy”-ийн үүсгэн байгуулагч, Эрдэнэт хотын уугуул Б.Бөртэ-Үжин “Уурхайчин” соёлын ордоны Их танхимд хүрэлцэн ирсэн олон зуун залууст өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаас сэдэвлэсэн үнэн, бодит явдлыг өгүүлсэн тун ч сонирхолтой илтгэл тавьсан юм. Сүүлийн үед гарааны бизнес болох “Start-up” –ын талаар залуус тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон. Чухам гарааны бизнес хэрхэн эхэлдэг, яаж өрнөдөг, ямар зовлон бэрхшээл учирдаг, яаж  уналтад ордгийг Б.Бөртэ-Ужин өөрийн туулж өнгөрүүлсэн, бүтээн байгуулсан “Start-up”-уудынхаа талаар залуустай санал бодлоо солилцлоо. Тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сард анхны бизнес “Start-up” болох “Bi cofee”-гоо байгуулжээ. Түрээсийн байранд эхэлсэн түүний бизнесийн гараа эцэстээ түүнийг 100 гаруй сая төгрөгийн өртэй үлдээсэн ч Б.Бөртэ-Үжингийн хувьд найз нөхрийн үнэ цэнэ мөнгөнөөс илүү эрхэм байсан гэдгийг олж мэдсэнээ хуучилсан юм. Хамгийн сайн найзаа өөрөөсөө алдахгүй тулд үүсгэн байгуулсан компанийн хүлээх хариуцлага болох өрний 50 хувийг нь найзаасаа гэрээ байгуулан худалдаж авсандаа өнөө хэр харамсдаггүй.  “100 сая төгрөгний өртэй үлдсэндээ би айгаагүй. Мөнгө юу юм бэ. Би тэр мөнгийг олоод компанийн өрөө төлж чадна. Надад харин найзыгаа өртэй үлдээх тийм сэтгэл байгаагүй юм шүү” хэмээн ярьж буй тэр жижигхэн бүсгүйн сэтгэлийн тэвчээр, ухаан, ухаарал “Уурхайчинд” нэг орой 5000 төгрөгийн тасалбар төлөн сууж юм сонсох гэсэн залуусын дотоод ертөнцөд, ухаан бодолд нь сэтгэлийн нарыг сандуулсан гэхэд болно. Б.Бөртэ-Үжин өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд гурван төсөл хийж түүнийгээ  “Start-up” болгон бойжуулах гэж ямар их хөдөлмөр зүтгэл, хөлс хүч гаргасан. Дээр нь ямар их алдагдал, алдааг үүрсэн ч өнөөдөр түүнд тэр бүхэн нь Ололт, Оноо болж ирсэнийг үзэгчиддээ дуулгалаа. Эхний ажлаасаа дараагийн удаад тодорхой хэмжээний туршлагатай болж ирдэг. Тэр туршлага нь хоёр дахь нь гурав дөхь төслийнхөө алдааг тодорхой хэмжээнд нөхдөг юм шүү. Зөгийн балны худалдааны брэндийн логог нутагшуулахын тулд Заамарын хөндийд хэрхэн алхаж явсан. “Нарантуул” захаас 200 мянгөн төгрөгөнд даавуу аваад оёдолчинд очоод “Хүний биед эвтэйхэн жирийн л нэг цамц оюулах” гээд явж байсан түүний туулсан тэрхүү 2.5 жилийн “Start-up”-ын амьдралаас үүдсэн туршлага өнөөдөр түүнд Оноо болж ирсэн. “Өнөөдөр надад олон олон санаа байна. Би хиймээр байна, Би хэзээ ч бууж өгөхгүй. Гадаадад л сургууль төгсвөл бүх юм сайхан болно гэж үздэг зарим нэг залуустай би санал нийлдэггүй. Дотоодын сургуульд суралцаж төгссөн мянга мянган залууст ч боломж байдаг шүү гэж хэлмээр байна” хэмээсэн түүний өөртэй итгэлтэй дуу хоолой Эрдэнэтийн залууст урам өгч байсан юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дэвтрийнхээ хавтаснаас өөрийн урласан хоёр цаасан онгоцыг гаргаж ирээд “Би та бүхэнд Урам зоригийн, Эр зоригийн цаасан онгоц бэлэглэж байна. Та бүхэн урам зригийн , эр зоригийн онгоцоор дүүлэн нисээрэй” гэж ерөөлөө. Эрдэнэтийн залуус ийнхүү  урам зориг, эр зоригийн онгоцоор дүүлэн нислээ. [sgmb id="1"]  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)