Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     92    0
Баян-Өндөр сумаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэвшилтэт технологи бүхий цахилгаан халаагуурыг туршиж байна. Уг халаагуур нь БНСУ-д үйлдвэрлэсэн, шинэ технологид суурилсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өртөг зардал хямд, халаах температур өндөр, галд тэсвэртэй зэрэг онцлогтой. Туршилтыг гэр хорооллын захад буюу эрчим хүчний уналттай, хүйтэнд тооцогдох цэгт туршиж байна. Халаагуурыг туршиж, үр дүнг арванхоёрдугаар сарын 1-нд гаргаж, бүх үзүүлэлтийг харгалзан, гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд олон төрлөөр нэвтрүүлэхийг зорьж байна. Хамгийн гол нь тухайн айл өрхийн гэр, байшин дулааны алдагдалгүй байх шаардлагатай юм. Энгийн шалны халаалттай харьцуулбал богино холбоо, элэгдэл, галын эрсдэл гэх мэт асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Жишээ нь, 6х6 харьцаатай байшинд  2 сая гаруй төгрөгөөр халаалтаа шийдэж, цаашид урт хугацаанд түлээ нүүрстэй холбоотой ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдийг шинэ технологийн халаагуураар хангахын тулд хөнгөлөлттэй зээл, лизингээр олгох нөхцлийг судалж байгааг холбогдох албаны хүн хэлж байна. Дашрамд дурдахад, сум орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд эко, нако түлш, шахмал түлш, хийн зуух, цахилгаан халаагуур, инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас Орхон аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 гаруй сая төгрөгөөр гэр хорооллын 1000 орчим айл өрхийг хөнгөлөлттэй үнээр, цахилгаан халаагуураар хангах ажил хийнэ.