Цомхон, асуудлаа шийдэж чадсан хуультай л болъё
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     79    0
Шилэн дансны тухай хууль буюу ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлж, авлига, зүй бус үйлдэл, төсвийн буруу зарцуулалтыг ард түмэн хянах боломжтой болгон цаг тухай бүрт нь арга хэмжээ авах агуулга бүхий төслийг УИХ-аас буцаасан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгийн газраас уг хуулийг дахин ирэх долоо хоногт өргөн барихад бэлэн болжээ. Хуулийг буцаасан шалтгаан нь бүрдэл дутуу, Шилэн данс гэх нэр тохиромжгүй, иргэдийн аудит гэсэн шинэ бүтэц бий болгохыг эсэргүүцэж байсан юм. Тэгвэл энэ хуулийн төслийг дахин өргөн барих болсон талаараа Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “УИХ –аас засч, сайжруулах ёстой засваруудыг хийсэн. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Төсвийн ил тод байдлын тухай хуультайгаа уялдуулж янзлаад оруулж ирж байгаа. Өмнөх төсөлд байсан иргэний аудит гэсэн бүтцээр хяналт тавихаар байсныг нь болиулж байгаа. Цахим хаягаар шилэн данс руу орж хандалт хийж байгаа иргэн бүрт хяналт тавих боломж нь нээлттэй байна гэж үзсэн. Нөгөө талаас мэдээлэл дээр үндэслэн төрийн аудитын газар хяналт, хариуцлагаа хэрэгжүүлдэг байя гэж шийдсэн. Нэрний тухайд өөрчлөлт хийгдэхгүй байхаар болсон. Яагаад гэдгийг тайлбарлая. Дэлхийд жишээ нь парламент гэх ойлголт бий. Энэ нь улс орон бүрийнхээ онцлогоос шалтгаалж өөр өөрөөр нэрлэгдсэн байдаг шүү дээ. Монголд гэхэд УИХ, Орост дум, АНУ-д конгресс ч гэх юм уу. Үндсэн хуулийн шүүх гэх нэг ойлголт мөн л улс орон бүрт өөрөөр байх бөгөөд манайд цэц гээд л нэртэй байна. Заавал ил тод байдал гэх ойлголтоор нэршихээс илүү шилэн данс гэж оноож өгсөн нь монголчуудад харин ч илүү ойр. Цаад агуулгаараа төсвийн орлого зарлагын мэдээлэл, ил тод байх тухай л ойлголт.  Хуулийг боловсруулахдаа учиргүй том хууль гэхдээ чухалчлаагүй. Үүний оронд цомхон, асуудлаа шийдэж чадсан хуультай л болъё гэж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлгүй байхаар ч хийж чадсан” гэв. Мөн иргэд хэрхэн хянах талаар “төсвийн захирагчид яамны төсөв, төрийн худалдан авалттай холбоотой шийдвэр мэдээллээ оруулж байх үүрэг хүлээнэ. Үүнийг нь ямар ч иргэн хандалт хийгээд үзчих боломжтой.  Өнөөдөр хүссэн мэдээллээ News.mn гэх мэт цахим хаягнаас ороод харчих боломжтой байдаг шигээ л ямар нэгэн байдлаар зөвшөөрөл цензургүйгээр шаардлагатай мэдээллээ авах боломж бүрдэнэ гэсэн үг. Яг одоогийн байдлаар 100 мянга орчим шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр шууд үзэх боломжтой байгаа. Олон хуудастай энэ олон шүүхийн шийдвэрийг онлайн болгож байгаа юм чинь мөнгө зарсан тушаал шийдвэрийг оруулахад хялбар шүү дээ” гэсэн байна. Иргэний хувьд мөн зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, зарцуулалтын талаараа  Аудитын газраас шалгуулсан хариултаа авах боломжтой болох аж. Б.МАНДАХ
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)