Мэндчилгээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     95    0
Нийт Орхончуудынхаа түмэн амгаланг айлтгая Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчдийн өмнөөс болон хувиасаа аймгийнхаа нийт иргэддээ өргөн дэвшүүлье. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан энэ өдрүүдэд Монгол түмэн даяараа наадан цэнгэж байна. Хурдан хүлгийн янцгаанд хийморь золбоо бадарч, унаач хүүхдийн гийнгоонд сэтгэл санаа сэргэж, хүчит бөхчүүдийн барилдаанд хурсан олон баясаж, цэцэн мэргэн харваачдаа наадамчин түмэн бахдаж дэлгэр Монголын минь наадам сайхан болж байна. Монгол түмний үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёсны болон үндэсний уламжлал, эв нэгдлийг харуулдаг Монгол түмний өргөн дэлгэр эрхэм сайхан баяр билээ. Манай аймаг Үндэсний их баяр наадмаа амжилт бүтээл дүүрэн угтаж байгаа нь наадмын өнгө жавхааг улам баяжуулж байна. Орхон аймаг, Эрдэнэт хот маань өргөжин хөгжиж, бүтээн байгуулалтын цар хүрээ улам бүр тэлсээр байгаад сэтгэл хангалуун байна. Саяхан УИХ-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн тоог хуульчлан нэмэгдүүлсэн нь баярын энэ өдрүүдэд наадамчин олны тав тухыг эрхэмлэсэн шийдвэр боллоо. Зон олны сэтгэл тэнийсэн энэ сайхан өдрүүдэд аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг бүтээлч хөдөлмөрөөрөө урагшлуулж яваа нийт Орхончууд та бүхэндээ Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дахин өргөн дэвшүүлж түмэн олны маань цог золбоо, сүлд хийморь ямагт өөдрөг сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Аймаг хотлоороо дэнж хотойтол сайхан наадаарай Аймгийн ИТХ-ын дарга  Б.Мягмарсүрэн