Шинээр модны захууд байгуулна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     104    0
Зуны урин дулаан цаг дуусч байгууллага, аж ахуйн нэгж гэлтгүй иргэд ч өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэр хорооллын иргэдийн хувьд түлээний модны асуудал хамгийн түрүүнд хөндөгддөг. Тэр тусмаа түлээний модны үнийн хөөрөгдөл иргэдийг чирэгдүүлдэг. Баян-Өндөр сумын зүгээс гэр хорооллын иргэддээ зах зээлийн бодит үнэтэй түлээний мод нийлүүлэхээр аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан ажилладаг аж. Гэтэл ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд гэрээгээ байнга зөрчин, зохиомол хомсдол үүсгэх, үнээ нэмэх зэргээр иргэдийг чирэгдүүлдэг байна. Иймээс Баян-Өндөр сумын удирдлагаас сумын хэмжээнд дахин шинээр түлээний зах байгуулах болсноо аймгийн Засаг даргын шуурхай дээр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр, “Сумын хэмжээнд түлээний модны зах төдийлөн олон байдаггүй. Өнгөрсөн жил ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдтэй мод нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл тэд гэрээгээ биелүүлдэггүй зөрчдөг. Өнөөдөр түлээний зах дээр нэг портер модны үнэ 250 мянган төгрөг байна. Ойн нөхөрлөлүүдтэй хийсэн гэрээгээр бол нэг куб метр модны үнэ 40 мянган төгрөг байх юм. Портер мод 200 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр гэрээ байгуулсан. Гэтэл ойн нөхөрлөлийнхөн, аж ахуйн нэгжүүд гэрээгээ биелүүлэхгүй байна. Иймээс сумын зүгээс шинээр модны захууд байгуулахаар ажиллаж байгаа. Аймаг, болон сумын мэдлийн газар дээрээ модны зах байгуулна. Энэ жил Булган аймгийн зэргэлдээх сумдаас 15 мянган куб метр мод нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэр хорооллынхоо иргэдийн эрх ашгийг бодох цаг болсон. Түлээний ченжүүд хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн хаврын шүлхий өвчний үеэр нэг портер модны үнэ 400 мянган төгрөгт хүрсэн. Гэрээн дээр үнээ нэмэхгүй гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл тэд гэрээгээ биелүүлэхгүй байгаа учраас шинээр өөр газруудад модны зах байгуулна” хэмээсэн юм.