Тавдугаар сард хүрэн манжин хураан борлуулж байна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     64    0
Дагвадоржийн Болормаа гэдэг ногоочин эмэгтэйтэй цөөхөн хором ярилцлаа. Ээж нь Улаантолгойн САА-н ногооны салааны дарга явжээ. Багаасаа ээжийгээ дагаж ногооны талбай дээр өссөн болохоор хийж чаддаг, сурсан хөдөлмөрийнхөө үр шимээр өнөөдөр ногоогоо тарьж, амьдарсаар явна. Зах зээл эхлэх үеэр САА татан буугдахад, Д.Болормаа олныг дагаж наймаа арилжаанд явсангүй. Нөгөө л талбай, ногооны хашааныхаа захад ээжийнхээ өвлүүлж, зааж өгсөн ногоочин мэргэжилдээ үнэнч үлджээ. Аймгийн аварга ногоочин Д.Болормаа энэ жил нийтдээ найман га талбайд хүнсний ногоо, есөн хүлэмжинд нарийн ногоо тариалжээ. Өнөөдөр хүлэмжинд тарьсан хүрэн манжин нь анхны ургацаа өгч байна. Хүлэмжинд гуравдугаар сарын 15-наас хүрэн манжин тарьсан нь энэ зуны анхны ургац болж, кг-ийг нь 4000 төгрөгөөр худалдан, нэг шуудайг нь 160,000 төгрөгөөр борлуулж байна. Хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тарихаас гадна хүрэн манжин, төмс, шар манжин, байцаа зэрэг гадаа талбайд тарьдаг хүнсний ногоог гуравдугаар сарын эхээр тарихад тавдугаар сард арвин ургац хураадаг. Үүний жишээг энэ зун тавдугаар сарын эхэн үеэс хүрэн манжингийн өндөр ургац хурааж, зах зээлд өрсөлдөгчгүйгээр борлуулж буй туршлагатай ногоочин Д.Болормаагийн туршлагаас харж болно. Жаргалант сумын ЗДТГ ногоочдоо дэмжиж, байнгын усалгаатай 18 хүлэмжтэй агропарк барьж байгуулсан. Энэхүү агропаркийн үндэс суурийг Д.Болормаа тавьж, Дархан-Уул аймгийн “Өсөх ирээдүй” компаниас 10 ширхэг хүлэмж оруулж ирэн, айлуудад зээлээр өгчээ. Өөрөө дөрвөн хүлэмжийг нь авч, өнгөрсөн зун ургац хурааж аваад, энэ хавар эрт ургацын хүрэн манжин тариалжээ. Сумынхаа удирдлагуудыг “Өсөх ирээдүй” компанийнхантай уулзуулж, энэ жил дахин 18 хүлэмж нэмж зээлээр авсан байна. Д.Болормаа өөрийхөө ногоог бөөцийлөөд зогсохгүй, сумынхаа ажилгүй иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлж, байнга зааж зааварладаг. “Сайныг дагавал сарны гэрэл” гэж ардын зүйр үг юутай үнэн. Ажилсаг, хөдөлмөрч Д.Болормаагийн буянаар олон айл амьжиргаагаа дээшлүүлж, байнгын орлоготой болох эх үүсвэр нь тавигджээ. “Хүлэмжинд тарьсан ногооны ургац гурваас дөрвөн сараар уртасдаг. Ихэнх ногоочид хүлэмжнээс есдүгээр сарын сүүлчээр ургацаа хуу хураадаг бол туршлагатай ногоочид гуравдугаар сараас тариалалтаа эхэлж, аравдугаар сарыг дуустал эхний цас ортол ажилладаг” гэж Д.Болормаа ногоочин ярьж байна. М.Мөнх
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)