Урилга өгөөд ч дарга нарт “сахил хүртээж” чадсангүй
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     96    0
                  Аймаг, орон нутгийн удирдлагаас иргэд, сүсэгтэн олондоо зориулж байгаль дэлхий, уул усаа аргадах зорилгоор Долоон бурхан одны болон Баян-Өндөр хайрхны тахилгыг хийхээр зорьж зохион байгуулсан. Иргэдийн хувьд ч энэ ажлыг маш талархалтай хүлээн авч найман настай хүүхдээс эхлээд наян настай буурлууд хүртэл тахилгад зорин очиж оролцсон. Гэтэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллагын дарга нар энэ ажилд нуруугаа харуулсан бололтой. Энэ талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр А.Түвшинжаргал дарга мэдээлэл хийхдээ  “Төрийн байгууллагын дарга нарт урилга тараагаад ч нэмэр болоогүй. Өөрсдөө оролцоогүй, орлогч нараа, бие төлөөний хүнээ илгээсэн. Арай дэндүү байна аа. Харин  Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт ус, Хот тохижуулах гээд үйлчилгээний байгууллагынхан үнэхээр сайн ажилласан. Тэр дундаа манай Онцгойнхон үнэхээр сайн ажилласан шүү. 15.00 цагийн орчим газар дээр нь очиход бүгд тараад явчихсан. Манай Онцгойнхон л хамаг ширээ сандал, эд агуурсыг нь ачаад зогсож байсан. Ачих ёстой үйлчилгээнийхэн нь алга байсан. Бид эрдэнэтчүүдийнхээ төлөө байгаль дэлхий уул усаа аргадан Баян-Өндөр хайрхнаа тахисан. Түүнээс биш овоо тахилга гээд морь уралдуулж, бөх барилдуулахыг илүүд бодоогүй. Аливаа арга хэмжээнд төрийн байгууллагын дарга нар сэтгэлгүй дэндүү хойрго ажилладаг болжээ” хэмээн хэлэх үгээ олж ядан аргаа барахдаа санааширсан удаатай. Аймгийн хэмжээнд ажилладаг төр, төсвийн байгууллагын дарга нар, ажилтан албан тушаалтнуудыг идэвхтэй оролцуулахын тулд тусгайлан зориулж татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг бүр нь 1000 гаруй төгрөгийн өртөгтэй өнгөт урилгыг хэвлүүлж тараасан. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн улаан тамгатай урилгыг өнөөх дарга нь ердөө л хогийн сав руугаа шидчихээд орлогчоо, орлон тоглогчоо ”Чи одны тахилга уулын тахилгад нь миний өмнөөс  очоод нэг харагдчих. Амралтын өдрөөс хүн ч зүгээр нэг амраахгүй ядаргаатай юм” хэмээн хандаж Баян-Өндөр уулын зүг мөрөө ч гаргаагүй дуулдана. Энэхүү урилгыг зөвхөн хэвлүүлэхэд л аймгийн төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргажээ. Бүр зарим нэг дарга нар “Би  буддын шашинтан биш. Христосын шашинтай. Миний ёсонд харш зан үйл” гээд хэлчихвал яасан юм бэ өөр хоорондоо маазарсан шигээ амны цангаа гарган суусан удаатай. Дарга нарт зориулсан урилганы мөнгөө хэмнээд шөнийн 23.00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нарыг урамшуулсан бол баярлах л байсан даа. Ер нь тэгээд ч дургүй ламын дарж сахил хүртээснээс зөнд нь орхисон нь дээр байдаг. Түүнчлэн байгаль дэлхий уул ус, олон түмнийхээ төлөө гэх сэтгэлгүй дарга нарт зориулж хүчээр “сахил хүртээх” гэж хөрөнгө мөнгө зарцуулж урилга хэвлэн тараасанд орвол үйлчилгээний  ажилчдад хуушуур аваад өгчихсөн бол илүү буян болох байжээ.[sgmb id="1"][sgmb id="1"]