Д.Оюунтунгалаг: Хаяг, бүртгэлгүй иргэд өрхийн эмнэлгийн хүртээмжийг багасгаж байна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     89    0
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт ажлын хүрээнд өрхийн эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийсэн байна. Найман өрхийн эмнэлгийн чанар хүртээмж, аюулгүй байдалд шалгалт явуулжээ. Шалгалтад эмч эмнэлгийн ажилтны 75 хувийг хамруулсан байна.  Өрхийн эмнэлгүүдэд хийсэн шалгалтын дүнд хаягжилт бүртгэлгүй иргэд ихээр үйлчлүүлж байгааг тогтоосон байна.  Тогтсон хаяг бүртгэлгүй иргэд харьяаллын бус өрхийн эмнэлэгт үйлчлүүлснээр нэг хүнд ноогдох санхүүжилтийн хэмжээ  буурч байгаа юм. Энэ талаар аймгйин МХГ-ын  Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Оюунтунгалаг хэлэхдээ  “Өрхийн эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байгаа тодорхой зорилтот бүлгийн иргэд байна.  Үүнд жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд зэрэг тодорхой бүлгийн иргэнийг хамруулж байна. Хаяг бүртгэлгүй эдгээр иргэдийн хаягийг тодорхой болгож, бүртгэлжүүлэхэд анхаарах шаардлагатай. Учир нь өрхийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, жигд хүртээмжтэй байдал алдагдсанаас ажлын үнэлгээг хянахад хүндрэл учирж байна” гэсэн юм. МХГ-ын байцаагч өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны ажлыг дүгнэхдээ хэт их гүйцэтгэлээр шалгахгүй байх, цалин хангамжийг сайжруулах тухай ярьсан юм. Бүртгэлгүй иргэд өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг эрсдэлд оруулж, чанартай үйлчилгээ үзүүлэхэд саад болдог ажээ.