Дэнжид дарга нарын “десант” буув
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     85    0
                         Баян-Өндөр сумын Дэнж багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Д.Мөнхбат, Д.Ууганбаяр нар тойргийнхоо сонгогчидтой уулзлаа. “Багаараа хамтдаа 2018, Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор болсон энэ удаагийн “Төлөөлөгчдийн нэг өдөр” өдөрлөг сүр дуулиантай, далайцтай, бярыг үзүүлсэн арга хэмжээ болов. “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, Ерөнхий боловсролын долоодугаар сургуулийн спорт заалны хоёр давхарт эмчийн үзлэг хийж иргэд хөл тавих зайгүй шахам байлаа. Энэ арга хэмээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ИТХ-ын.дарга Г.Баасансүрэн тэргүүтэй албаныхан Хот тохижуулах газрын дарга Д.Оюунбаяр, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал гээд дарга нар хүрэлцэн ирсэн байв. Аймгийн Засаг даргын  хувьд Дэнж багт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаарх мэдээллийг ч дуулгав. Тухайлбал, Дэнжийн гурван байрны босоо шугамыг ямар ч байсан солино, Дэнж багийн айл өрхийн хогийг дуудлагаар ачдаг болно, зам, гэрэлтүүлэг үерийн далангийн асуудал, энэ багийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг  хийж амжуулна, Солонгосын Шихен хотын хөрөнгө оруулалтаар 1200 айлын орон сууцны хорооллыг энэ багийн нутагт сүндэрлүүлнэ. Иргэдээ, залуусаа хямд үнэтэй орон сууцанд оруулах ажлыг хйинэ гэдгээ дуулгасан. Хэдийгээр энэ арга хэмжээг “Төлөөлөгчийн нэг өдөр” хэмээн нэрийдсэн ч нэг их удалгүй дарга нар, төлөөлөгчид буцаж иргэд эмчийн үзлэгийн өрөөний үүдэнд чихэлдэх маягтайгаар арга хэмжээ өндөрлөсөн юм. [sgmb id="1"]