Хөгжилд нэмэрлэх санаа: Энэ өмчийг эзэнтэй л болгоё
Хотын амьдрал 5 жилийн өмнө     53    0
Одоогоос 10-аад жилийн өмнө Эрдэнэтийн төр, захиргааны байгууллага нэг мэргэн санаа гаргаж энэ хотын төв цэг болох аймгийн захиргааны ар талын хэсэг газарт “Хүүхэд, залуучуудын парк” байгуулж Эрдэнэтийн иргэдийг чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх талбайтай байлгахаар шийдвэрлэсэн юм. Уг нь сайхан санаа. Даанч түүнийг төсвийн мөнгөөр барьж байгуулах гэж тухайн үеийн засаг дарга “гурилдсан” доо. Анхны зураг төсвөөр бол 92.0 сая төгрөгөөр бүтээн байгуулагдаж байсан энэ парк жилийн дараа ашиглалтанд орохдоо 184.0 сая төгрөг хүрч билээ. Анх төсөвлөсөн мөнгө нь нэг дахин нугарсныг харж байгаа биз. Тэр их хөрөнгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар батлуулах гэж бэлдсэн материалыг тухайн үед бид олж хараад гайхаж байлаа. Гайхаад зогсоогүй, талбайн хэсэг тус бүрт шинэгэсэн гэх өртгийг нь тавиад бид сонинд нийтэлж юмдаг. Тэр үеийн байгууламжаас одоо өнгө дизайн муутай олимпийн халтайсан 5 цагираг л үлдсэн байна. Энэ 5 цагираг гэхэд 9 сая төгрөгөөр бүтсэн гээд боддоо. Мөнгөний төлөө улайрсан, увайгүй эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг яаж талаар нэг цацдаг, чанаргүй байгууламж хүлээлгэж өгчихөөд дундаас нь өөрсдөө хэрхэн цүлхийж баяждагийг эндээс ургуулаад бичвэл хэдэн арван нийтлэл гарна. Энэ шүүмжлэлийг түр азнан нэгэнт барьж байгуулсан хэмээгээд төрийн байгууллагад хүлээлгээд өгчихсөн, одоо балгас болтлоо дордсон энэ байгууламжийг хэрхэн эзэнтэй болгож, өөд татах бэ? гэдэгт хамтдаа анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уншигч та ч бас саналаа нэмэрлээрэй. Хүүхэд, залуучуудын паркийг анх хувь хүнд түрээслүүлж үзсэн. Тэд анхны зун хөгжимт усан оргилуурыг нь ажиллуулан хүүхэд, залуучууд цуглардаг болсныг дагуулаад хүүхдүүдэд дугуй, рольк, тоглоомоор үйлчилж нэг хэсэг бизнес хийх гэж үзсэн. Тэгээд өвөл болонгууд анхнаасаа чанаргүй хийгдсэн зам, талбай нь энд тэнд ховхорч, холцорч унан төрх байдлаа алдаж, дараа зун усан оргилуур нь ч ажиллахаа байсан. Нэг л улирлын настай ийм байгууламжийг тийм өндөр өртгөөр бүтээсэн байн шүү дээ. Ингээд дараа жил нь Орхон аймгийн захиргаа энэ талбайг Хот тохижуулах газарт хүлээлгэж өгсөн боловч нэг жил өнгөрсний дараа талбайн тоглоомууд эвдэрч бусад байгууламжууд сүйтгэгдэн бүр дордсон. Тэгээд Хот тохижуулах газрынхан “Ийм талбай хариуцах, ажиллуулах нь манай үүрэгт ажил огт хамааралгүй юм байна. Энэ өмчийг өөр байгууллагад хариуцуулаач” гэсэн хүсэлт гаргасаар байгаад аймгийн Хуримын ордны харъяа болгож санаа нь амарсан. Хуримын ордон түүнийг хариуцсан нэртэй ямар ч арчилгаа тордолгоо хийлгүй, чанх урд нь байрлалтай юм болохоор цонхоороо харж, байдал улам дордож байгаад харамссаар байгаад жилийн дараа бас л аймгийн захиргаанд хандан “Энэ талбайг харж хамгаалах, ажиллуулах нь манай үүрэгт ажил биш” гэж учрыг тайлбарлан таниулж, гуйж гувшсаар байгаад түүнийг харж хамгаалах ажил үүргээс мултарсан юм даг. Түүнээс хойш эзэнгүй. Эрдэнэт хотын өр зүрхэн дээр барьж байгуулсан “Хүүхэд залуучуудын парк”-ийг ийм байдлаар удаан байлгаад баймгүй санагдана. Энэ өмчийг нэн даруй эзэнтэй болгож, дахин засаж сайжруулан, ногоон байгууламжийг нь цэгтэй байхаар арчилж тордон, хүн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх тэр зорилгоор нь өөд татмаар байна. Уг нь сэргээгээд ашиглаж чадвал энд усан оргилуур, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тоглоомын талбай, залуучуудын сүүдрэвч бүхий сандал, зун нь дугуйн, өвөл нь хоккейн спортоор ашиглах том талбай, гар бөмбөгийн талбай гээд ашиглах зай талбай энд нэлээн байна. Харин ахмадууд салхинд гарангаа хөзөр, шатар тоглон хууч хөрөөд сууж байх ая тухтай сандал ширээ бүхий орчин нөхцөлийг нэг булан зайд нь байгуулаад өгчихвөл бүх насныханд тустай амралтын орчин бүрдэнэ. Ахмадууд ихэнхдээ бага насны ач, зээ нараа харж хамгаалах том үүрэгтэй хүмүүс. Тэд ач зээ нараа энд тоглуулангаа өөрсдөө ая тухтай амарч сууж яагаад болохгүй гэж. Энэ сайхан зай талбайг ингэж өөд татаасай, чөлөөт цагаараа найз нөхөд, хамт олноороо очоод битүү цэцэрлэгт хүрээлэнд амарч суух юмсан гэж хүмүүс хүсэн хүлээж байна. Энэ асуудлыг Орхон аймгийн өнөөгийн төр, захиргааны байгууллага анхааралдаа авч Хүүхэд залуучуудын паркийг жинхэнэ өнгө төрхөнд нь оруулах байх гэж бас найдаж хүлээж сууна. Энэ талбайг төрийн байгууллага ашиглаж, ажиллуулж чадахгүй нь гээд газрыг нь хэн нэгэнд хувьчилчихвал хөрөнгөтэй нэг нь худалдаж аваад газрынх нь зориулалтыг өөрчлөн баахан багширсан байшин барилга бариад бизнесээ хийхээ л бодно. Тиймээс саяхан Орхон аймгийн төр, захиргааны дэргэд байгуулагдсан Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн албанд энэ байгууламжийг хариуцуулж, төсвөөс хөрөнгө гаргаж нэг удаа засаж сайжруулаад цаашид тус албаныхан энэ талбайг жилийн бүх улиралд ашиглах шинэ менежменттэй ажиллавал хүмүүсийн амралт, ая тухыг хангах нөхцөл боломж бүрдэнэ. Харахад нүд хальтрам болсон Хүүхэд, залуучуудын паркийг ийнхүү эзэнтэй болгож, үйл ажиллагааг нь төрийн байгууллага санхүүжүүлэн дэмжихгүй л бол иргэд ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй болж өнөөгийн давчуу ажил, амьдрал дунд улам л давчуурсаар байх бизээ. Хэрэв орон нутгийн төрийн байгууллага энэ өмчийн эзэн байх аргагүйд хүрвэл уг талбайг “Амралт чөлөөт цагийн бүс” гэдэг зориулалтыг нь өөрчлөхгүй гэсэн хатуу гэрээтэйгээр хувьчилж бас болох юм. Уг нь өмч хувьд шилжиж байж л өнгө төрх нь огт өөр болж шинэчлэгддэгийг бид амьдралын олон жишээнээс олж харсаар байгаа. “Хүүхэд залуучуудын парк” гэх энэ өмчийг эзэнтэй л болгоё. Үүнд төр, түмнээрээ санаа нийлнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.  Сэтгүүлч Ж.ОЮУН
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)