Үйлдвэрийн 40 хувьтнууд жагсав
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     42    0
Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргааны төв байрны урд талбайд тус үйлдвэрээс 40 хувийн тэтгэвэрт гарсан хүмүүсийн төлөөлөл цуглаан зохион байгууллаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 40 хувийн тэтгэвэрт гарсан эдгээр хүмүүс Эмнэлэг сувиллын албаны дарга Ж.Ганчимэгийг огцрохыг шаардаж, өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаа тул гурван шаардлагыг биелүүлэхийг үйлдвэрийн удирдлагаас шаардсан байна. Дээрх шаардлагын дагуу бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эмнэлэг сувиллын албаны дарга Ж.Ганчимэгээс тодруулга авах гэсэн боловч хуралд орсон гэсэн шалтгаанаар ажил дээрээ байсангүй. Харин албан бус мэдээллээр 40 хувьтнуудын төлөөллийг Нийгмийн асуудал эрхэлсэн захирал С.Сувдаа хүлээн авч уулзсан байна. Тэдний шаардлага болох нөхөн олговор болон амралт рашаан сувиллын төсвийг хасахгүй байхаар асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн аж. Харин Эмнэлэг сувиллын албаны дарга Ж.Ганчимэгийг огцруулах асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралд мэдэгдэж, хариу өгнө гэсэн байна. Бид тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авах болно Дээрх цуглааны үеэр 40 хувьтнуудын төлөөлөл А.Дашнямтай уулзаж ярилцлаа. -Бид бүхэн хуулийн дагуу Эмнэлэг сувиллын албанаас шаардлагатай тусламжийг авах ёстой. Гэтэл зарим нэг хүмүүст маань энэ тусламж бүрэн гүйцэд ирэхгүй байна. Эмнэлэг сувиллын албанаас бидний эмчилгээ үйлчилгээг маш их хүндрэлтэй, дарамттай, бараг л тэдний ая талыг харж байж эмчилгээ, үйлчилгээгээ хийлгэдэг. Зарим нэг хүмүүст маань Эмнэлэг сувиллын албаны дарга маш муухай эвгүй үг хэллэгээр хэлж, доромжилсон байсан. Наад зах нь Улаанбаатар хотоос бидний группийг сунгадаг Мэргэжлээс шалтгаалах өвчний эмч нар ирэх гэж байна. Шинжилгээ өгөх гэтэл уусмал нь байхгүй байна гэж манай нэг ажилтан орж, Эмнэлэг сувиллын албаны даргад орж санал бодлоо хэлэхэд, урдаас нь биднийг эмчилдэг эмчийн нэр дэрээ гомдол бич гэж тулгасан байна. Гэтэл тухайн эмчид энэ асуудал ямар ч хамаагүй, харин ч тэр эмч маань дарамтанд орсон. Бид энэ мэтчилэн зарим нэг шинжилгээ, зураг авалтаа ч хийлгэж чадалгүй үзлэгтээ орсон .Өнөөдрийн жагсаал цуглааны гол зорилго нь “Бид мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барлаа гэхэд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг ар гэрийнхэнд маань олгодог. Гэтэл тэр тусламж бүрэн гүйцэд олгогдохгүй байна. Ямар нэгэн хэмжээгээр ар гэрийнхэнд маань энэ тусламжийг өглөө гэхэд дутуу олгодог. Одоогийн байдлаар бидний дундаас бурхан болсон зургаа, долоон хүнд энэ тусламжийг өгөөгүй, шүүх цагдаагаар ар гэрийнхэн нь явж байна. Заавал шүүхээр явах шаардлага байхгүй. Хуулинд тов тодорхой заачихсан байгаа. Хоёрдугаарт, үйлдвэрийн ажиллагсад болон 40 хувьтнуудад зуны дэлгэр цагт рашаан усанд явж амрах төсөвийг жил бүр үйлдвэрээс баталж өгдөг. Гэтэл энэ төсвийг маань хасаад байна. Дээрх шаардлагыг биелүүлэхийг үйлдвэрийн захиргаа болн Нийгмийн асуудал эрхэлсэн захиралд хандаж байна. Бид аймгийн захиргаанаас авахуулаад цагдаа, багийн захиргаанд хүртэл хандсан. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь бидний шаардлагын хугацаа дууссан. Шаардлага өгсөн байгууллагуудаас ганцхан аймгийн ИТХ-аас хариу ирсэн. Энэ асуудал үйлдвэрийн дотоод асуудал учир дотроо шийд гэсэн. Бид тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авах болно. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг